Цаг үеийн мэдээ

"Газпромбанк"-ны дэд ерөнхийлөгч Игорь Волобуев Оросууд Украин руу довтолсны дараа Оросоос явсан, одоо тэр Киевийн нутаг дэвсгэрийн хамгаалалтад нэгдэх гэж байна.  Одоо Волобуев Киевт байна.  Орос паспорттай хэрхэн Украинд нэвтэрсэн бэ гэсэн асуултад тэрээр хариулахаас татгалзсан байна.  "Энэ бол бүхэл бүтэн түүх байсан, хэзээ нэгэн цагт би энэ тухай ярих болно гэж найдаж байна.  Маш хэцүү байсан” гэж тэрбээр хэлээд Оросоос Украин хүрэхэд Турк, Латви, Польш улсаар дамжин хол зам туулсан  гэжээ.

Волобуев Украины Сумы мужийн Ахтырка хотод төрсөн бөгөөд "Эх орноо хамгаалахын тулд" Украинд буцаж очихоор шийдсэн гэжээ.  Түүний хэлснээр 2004 оноос хойш буцах хүсэлтэй байсан ч ар гэрийн шалтгааны улмаас эрт ирж чадаагүй аж.  Волобуев Liga.net сайтад өгсөн ярилцлагадаа 2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэсний дараа "Оросын танкууд миний Ахтыркад ирвэл явж дайнд оролцоно" гэж өөртөө амласан гэж хэлжээ.  Оросууд Украин руу довтолсон эхний өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд тэрээр Оросыг орхихоор шийджээ.

"Би цаашид тэнд (Орос улсад) байх боломжгүй болсон.  Би Украин үндэстэн, Орос улс миний эх оронтой юу хийж байгааг гаднаас нь харж чадахгүй. Миний эргэн ирэлт гэмшилтэй адил юм, би Оростой холбоотой өнгөрсөн үеэ угаахыг хүсэж байна.  Би Украиныг ялалтад хүрэх хүртэл үлдэхийг хүсэж байна. Ахтыркад амьдардаг аав минь алагдах, хамаатан садан, танил, найз нөхөд минь алагдах аюултай үед би дүүрэн сэтгэл хангалуун амьдралаар амьдарч чадахгүй "гэж Волобуев хэлэв. Үүний зэрэгцээ тэрээр аавыгаа одоо эсэн мэнд аюулгүй газар очсон байгаа ч нэг сар хүйтэн хонгилд хорогдож амьдарсан талаар хэлжээ.

Волобуев Оросын эхлүүлэн дайныг олон улсын гэмт хэрэг гэж нэрлэжээ. “Энэ бол Путиний, Оросын эрх баригчдын, мөн Оросын ард түмний гэмт хэрэг юм. Би хэдийгээр Украин гаралтай ч Оросын иргэн учраас үүний төлөө хариуцлага хүлээх ёстой.

Би энд төрсөн, энд (Украинд) 18 жил амьдарсан болохоор давхар хариуцлага хүлээнэ” гэж дэд ерөнхийлөгч асан хэлжээ.

Эх сурвалж: Медуза

Таны сурталчилгаа