Дайн байлдааны ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Украинд хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Буча, Бородянка, Ирпеньд харсан зүйлийнхээ талаар "21-р зуунд дайн бол хорон муу зүйл бөгөөд хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй" гэж хэлсэн байна.
“Би гэр бүлээ энэ нурж шатаж харласан байшингуудын нэгэнд байна гэж төсөөллөө. Ач охид минь сандралдан гүйж байна гэж би харлаа. Гэр бүлээс хэн нэгэн нь нас барсан байна. 21-р зуунд дайн бол утгагүй зүйл юм. Дайн бол хорон муу зүйл. Дайн бол 21-р зуунд байж боломгүй зүйл” гэж Гутерриш хэлжээ.
Үүнийхээ өмнө тэрээр Москвад Владимир Путинтэй уулзаж, энгийн иргэдийг, Азовсталь хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад НҮБ-тай хамтран ажиллахыг Орос улсаас хүсжээ.
“Ерөнхийлөгч Путин намайг Москвад айлчлах үеэр Мариуполь дахь “Азовсталь” үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд НҮБ болон Олон улсын Улаан загалмайн хороо оролцохыг ерөнхийд нь зөвшөөрсөн. Өнөөдөр Ерөнхийлөгч Зеленский бид хоёр энэ асуудлаар хамтран ажиллаж эхэлсэн гэжээ.
Владимир Зеленский хариуд нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд “Украин улс Азовсталиас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байна. Мөн ОХУ эдгээр хүмүүст хүнлэгээр хандана гэж найдаж байна. Ноён Ерөнхий нарийн бичгийн даргын энэ ажлын хэсэг үр дүнтэй байх болно гэж найдаж байгаа бөгөөд бид эдгээр хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн байна” гэсэн.
Харин Кремль Гутерришийн хэлсэн Азовсталийн нүүлгэн шилжүүлэх ажлын талаар тодорхой тохиролцоо хийгээгүй бөгөөд энэ саналыг бид хэлэлцэх болно гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч НҮБ-ын хүмүүнлэгийн зохицуулагч Мариуполь хотоос энгийн иргэдийг гаргах ажлыг зохион байгуулахаар Запорожьд аль хэдийн очжээ.
Эх сурвалж: euronews