Цаг үеийн мэдээ

Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова Буча хотод энгийн иргэдийг тамлан зовоосон Оросын арван цэргийн албан хаагчийг нэрлэжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа цэргүүдийн зурагтай хамт нийтэлжээ.

Тэрээр “ОХУ-ын Хуурай замын цэргийн 64-р мотобуудлагын бригадыг Путин "Гвардейская" (Харуул) хэмээх хүндэт цолоор шагнасан. "Олон нийтийн төлөөх баатарлаг үйл"-ийн төлөө, соёлт ертөнцийн хэлээр бол дайны гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө ерөнхийлөгч нь талархал илэрхийлсэн энэ явдал нь Буча дахь харгис хэрцгий үйлдлүүд бол дээрээс өгсөн даалгавар гэдгийн нотолгоо юм. Хамгийн гол нь цэргүүдийн үйлдлүүд бол ерөнхий командлагчийн хамтын хариуцлага юм” хэмээн бичжээ.

Бучанскийн дүүргийн прокурорын газар энгийн иргэдтэй зүй бус харьцсан, дайны хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгт сэжиглэгдэж буй тус бригадын “шилдэг” аравт, бага түрүүч Вячеслав Лаврентьев, байлдагч Григорий Нарышкин, Василий Князев, Альберт Раднаев, Сергей Пескарев нар, ахлах байлдагчид Семён Мальцев, Михаил Кашин, Андрей Бизяев, Дмитрий Сергиенко, түрүүч Никита Акимов нар нэрлэгдсэн байна.

Түүний бичсэнээр, мөрдөн байцаалтын явцад тэд Буча хотыг эзэлсэн байх үедээ "зэвсэггүй энгийн иргэдийг барьцаалж, өлсгөж цангааж, гарыг нь хүлж, нүдийг нь боож өвдөг сөхрүүлэн суулгаж, дээрэлхэж байсан" нь тогтоогджээ. Мөн хүмүүсийг Украины Зэвсэгт хүчний байршил, нутаг дэвсгэрийн хамгаалалтын талаар мэдээлэл өгөхийг шаардан зодож, шалтгаангүйгээр эрүүдэн шүүж заналхийлж, тэдний зүгт буудан, цаазаар авах ялыг дуурайж байсан гэж тэрээр мэдээлжээ.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа