Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газраас Харьковын ойролцоох Русская Лозовая тосгоны хяналтыг тусгай хүчнийхэн эргүүлэн авсан гэж мэдэгдлээ. "Энэ бол Харьков-Белгород хурдны зам дээр байрладаг стратегийн ач холбогдолтой суурин газар" гэж Тагнуулын ерөнхий газрын цахим хуудаснаа бичжээ. Украины тагнуулын алба Русская Лозоваяг чөлөөлсний дараа хойд зүгээс Харьковыг их буугаар буудах нь зогсч магадгүй гэж мэдэгджээ, учир нь энэ тосгоноос Оросын арми Харьковын дэд бүтцийн байгууламжууд, орон сууцны барилгуудыг онилж буудаж байсан гэжээ. Тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр, ажиллагааны үеэр Украины цэргүүд Оросын түрэмгийлэгчдийн барьцаанд байсан тосгоны 600 гаруй энгийн иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Русская Лозоваяг чөлөөлсөн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч NASA-гийн гал түймрийн хяналтын хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд сүүлийн 24 цагийн дотор энэ сууринд идэвхтэй байлдааны ажиллагаа өрнөж байсныг харуулж байна.
Эх сурвалж: BBC Русская служба