Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.01.20/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал даргалсан.

“Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.1.1-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд санал хэлсэн. Тэрбээр, тогтоол хэлэлцэн батлагдсанаар Засгийн газар, Улсын Их Хурлаас аливаа татварт өөрчлөлт орохгүй, цаашлаад АИ-92 автобинзений үнэ өсөхгүй гэдгийг иргэд, олон нийт, нийгэмд мэдэгдэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Хуралдаан даргалагчийн зүгээс тогтоолын төслийг Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан 12 дугаар тогтоолын үйлчлэх хугацааг сунгах шийдэлд хүрч буйг онцлон тэмдэглэлээ.

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн 5 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Иймд  Улсын Их Хурлын Ж.Батжаргал “Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа