Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд улс орон даяар эхэлнэ.
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, тус холбооны нарийн бичгийн дарга И.Отгонбат нар мэдээлэл өгөв.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 13-нд тохиох бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд зохион байгуулдаг олон арга хэмжээний нэг нь УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээллээ.
Тэмцээн гурван үе шаттай бөгөөд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн сонирхогчид оролцох эрхтэй байдаг. Жил бүр 6000 гаруй шатар сонирхогчид оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд улс орон даяар болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болно. Аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, шатарчин, нийслэлийн тэмцээнээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.
Шигшээ тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээний энэ шатнаас медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн Шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч, тодорхой зардлыг нь зохион байгуулагч хариуцах юм.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна.