Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн төсөв-2024” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудаас гадна есөн дүүргийн иргэдийн 230 орчим төлөөлөл оролцож, асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэв. Мөн үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн нөхцөл байдал, энэ оны зарцуулалт, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, 2024 оны төсвийн төслийг танилцуулсан юм.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2024 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь:

- Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах 

- Улаанбаатар хотын холбоос зам нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулах

- Нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх

- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх

- Өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорьж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буй юм.

Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасныг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Тодруулбал, ОНХС, И-Монголиа гар утасны аппликейшн болон цахим хуудсаар нийт 916,887 төсөл, арга хэмжээний санал хүлээн авсны дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах, камер болон гэрэлтүүлэг суурилуулах, авто зам, явган хүний зам засварлах, шинэчлэх, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, гадна талбайн тохижилтын төслүүд байжээ.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны байрны гадна дулаалга, дээвэр, лифт засвар, арчилгаа хийх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг нэмэгдүүлэх, Яармагийн бүс дэх инженерийн шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах, дүүрэг хороод дахь удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих зэрэг саналыг иргэд хэлж байв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг иргэдийн асуултад хариулж, “Иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд тусгана. Санал, хүсэлтийг хүлээн авч, төсөвт тусгасан эсэхийг ulaanbaatar.mn цахим сайтаар мэдээлэх юм. Мөн төсвийн хэрэгжилтийг тайлагнах байдлаар иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах бодлогыг баримтлан ажиллана. Тэрчлэн нийслэлийн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлах болно” хэмээлээ.

Таны сурталчилгаа