Цаг үеийн мэдээ

Уул уурхайн сайд Ж.Ганбаатараас сэтгүүлчид тодруулав.

-Таныг огцруулах санал оруулсан гэсэн үү?

-Асуудал үүсэхээр л огцорчихдог юм уу. Асуудлаа шийдвэрлэх гэж нэг юм байна. Бэрхшээлээс зугтаад явчих юм уу. 

-Асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгаа юу?

-Шийдвэрлэнэ. ОХУ-д юу болж байгааг бүгд мэдэж байгаа. Дээрээс нь Уул уурхайн яам бэлтгэлтэй байсан уу, үгүй юу гэдгийг сайн шалгаарай гэж хэвлэл мэдээллээс байнга хүсч байгаа. 7, 8, 9 дүгээр сард дизель түлшний бүх сав дүүрсэн. Маш сайн татан авалт хийсэн. Энэ бол бэлтгэлээ сайн хангасан л гэсэн үг. Бүтэнсайнд АИ92 олгохгүй бүх шатахуун түгээх газрууд хаасан. Шөнөдөө дууссан байдалтай байсан. Нэг дэхь өдрийн шөнө 30 хувьд нь өгөөд, 70 хувьд нь өгөхгүй хаасан, дууссан байдалтай байсан бол өчигдөр 40 хувьд нь өгч, 60 хувьд нь өгөлгүй хаасан байдалтай байна. Өнөөдрөөс эхлээд АИ92 маш сайн орж ирж байгаа. Одоо тайвшраач ээ, үнэ өсөхгүй. Очерлож байгаа иргэдийн 70 хувь нь яг бензин нь дуусчихсан хүмүүс зогсож байна. Улаан гэрэлтэй. 30 хувийн банк нь талаас дээш байна. Тэр талаас дээш байгаа иргэд бусдадаа боломж олгооч ээ. Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл ачаалал ямар болохыг ойлгож байгаа байх. Тэгэхээр ард иргэдэд уриалж байгаа юм. Ер нь нийлүүлэлт буурахгүй, үнэ өсөхгүй. Монголд нийлүүлэлт багасахгүй, тасалдахгүй. Дараа нь хүрээд ирэхээр бензин дуусчих болов уу гэж бодох хэрэггүй. Тийм зүйл байхгүй. Үнэ өсөхгүй. Долларын ханш тогтвортой, нөөц хангалттай байна. БНХАУ-аас ирж байгаа евро-5 ангиллын түлш хангалттай зарагдаж эхэлнэ. Улаанбаатар хотын нийт хэрэглээ дизель түлшин дээр 8 мянган тн байдаг. Хятадаас бараг 6 мянган тн дизель түлш ирчихсэн. Өчигдөр буусан. Өнөөдөр ч бууж байна. Энэ жаахан үнэтэй. 

-Шатахууны үнийг барьснаар аж ахуйн нэгжүүд алдагдалд ороод байна гэдэг. Үүнийг яаж шийдвэрлэж байна вэ?

-705 ам.доллараар бид АИ92-ын үнийг тогтворжуулсан. Энэ тохиолдолд шатахуун түгээгч байгууллагууд огт алдагдалгүй болсон. Намайг сайд болохоос өмнө 800 заримдаа 900 ам.доллараар импортлодог байсан бол одоо 705 ам. доллар болсон. Ямар ч аж ахуйн нэгж алдагдалтай гэсэн гомдол гаргахгүй байгаа. Аж ахуйн нэгжүүд бойкотлоод байгаа зүйл огт байхгүй.  

-Уул уурхайд нөөц бий юу?

-Уул уурхайг бид хаана гэсэн зүйл байхгүй. Одоо байгаа нөөцөөрөө ажиллаж байна. Тэдэнд тодорхой хэмжээний нөөц бий. Оюутолгой гэхэд 7-8 хоногийн нөөцтэй. ЭТТ туслан гүйцэтгэгч компаниудаараа нөөцөө хангаж байгаа. Тэрхүү нөөцөөрөө ажиллаж бай. Улаанбаатар хот асуудлаа шийдээдхье. Иргэд очер үүсгээд байгааг би буруу гэхгүй. Гэхдээ 3 км хүртэл очер үүсч байсан бол өнөөдөр 750 м болсон байна. Би дахин хэлье. 50 хувьд нь өгөөд дуусаад байгаа нь үнэн. Аж ахуйн нэгжүүд 24 цагаар ажиллаж байна.  

-Та гурав хоногийн өмнө шатахуун ороод ирнэ нөөцтэй болно гэж байсан. Та шатахуун түгээх газруудад өөрөө очиж уулзсан уу?

-Явж байгаа учраас би ханиагаад байгаа юм. Гэхдээ түүнийгээ олон нийтэд зарлаад баатар болоод байгаа юм алга. Очер дараалал 3 км-ээс 750 м болоод байгааг би өөрөө харж байна шүү дээ. Өнөөдрөөс эхэлж манай Уул уурхайн яамныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж “Уучлаарай таны банк тал бол улаан гэрэл ассан хүндээ боломж олгооч” гэх ухуулгыг хийж 150 хүн гарч ажиллаж байна. Манай яам 150 хүн хүрэхгүй. Гэхдээ бусад агентлаг, яам тамгын газраас хүмүүс гаргаад ажиллана.

-Одоо хүмүүс гарчихсан ажиллаж байгаа юу?

-16:00 цагаас эхэлнэ. Яагаад гэвэл очер 16:00 цагаас эхэлж байна. Би гурав хоногийн өмнө очер дараалал үүсэхгүй бол асуудлыг шийднэ гэсэн. Гэвч очер дараалал хэвээрээ байна. Энэ дараалал байхгүй бол Улаанбаатар хангалттай асуудалгүй. Тэрхүү бичлэгийг ухрааж хараарай. 

-Хөдөө орон нутгийнхан яах вэ?

-Эхлээд бид БНХАУ-аас ирсэн түлшээр Улаанбаатар хотыг хангана. Улаанбаатар хотын хувьд нийтийн тээврүүд, хог ачилтын машинууд, түгээлтийн портерууд ихэнх дизель түлшийг хэрэглэж байна. Иргэдийнх харьцангуй гайгүй. Оросоос орж ирж байгаа дизелиэ хөдөө орон нутагт түгээж байна. Гэхдээ баруун таван аймаг хойноосоо дизель түлшээ авч байгаа. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа