Цаг үеийн мэдээ

МУГД С.Тулгатай ярилцлаа. 

-3х3 үндэсний шигшээ баг олимпын эрхээс атгаад алдлаа. Та хажууд нь зөвлөсөн бол яах байсан бол? 

-Хожно шүү дээ. 

-Танд одоо юу бодогдож байна вэ? 

-Хэрэв би хажууд нь байсан бол А.Ананд юу гэж тийм үйлдэл хийх вэ дээ. Би наад дөрвөн хүүхдийг чинь 15, 20-иод жил дасгалжууллаа. Дээрээс нь ийм гарах эрсдэлүүдийг бүгдийг нь тооцоолж ярина. Тэр бүү хэл эрчүүд нь төмсөг базна, нүүр рүү нь тохойлдоно. Алгадна. Шүлсээ наана. Ийм муухай, муухай зүйл их хийдэг. Энэ бүгдээс би сэргийлэх байсан шүү дээ. Олимпын эрхээ авах л байсан. Хүн болгон мэдэж байгаа. Эдний амжилтыг бүгд мэднэ. Нэг жил биднийг хол байлгалаа. Хүмүүс болчихно, болчихно гэж байгаад болгосонгүй. Менежмент гэдэг зүйл өөр шүү дээ. Дасгалжуулагч, багш, сэтгэлзүйч гэдэг чинь шал өөр зүйл. Наад дөрвөн залууг чинь би бараг ээж, ааваас нь илүү мэднэ шүү дээ. Сагсны талбай дээр. Ямар хүүхдүүд вэ гэдгийг. Тэгээд одоо харамсалтай л юм даа. Юу ч хэлэх вэ дээ. Ус, ундааг нь, цүнхийг нь бариад зүгээр хажууд нь дагаад явъя. Монголчуудынхаа төлөө гээд маш их гуйлаа. Үзлээ, хэнтэй ч маргалдаж хэрэлдээгүй. Монголын бахархлын төлөө, сайн сайхны төлөө л зүтгэсэн юм сан. 

-Та үүнд гомдолтой байна уу?

-Үнэхээр гомдолтой байна. Хоёргүй сэтгэлээр 20 жил зүтгэсэн шүү дээ би энд хүрэхийн төлөө. Тэгээд 3х3-аа өнгөрсөн жил Ази тивийн аварга болгоод, Дэлхийн аваргаас медаль авъя гэж байсан. Арай ч ийм азгүй зүйл гэж баймааргүй. Карма гэж байдаг даа. Карма л юм даа одоо. Хэтэрхий их бид бүгдийг болгоно гээд, Тулга багшийг нь холдуулаад, хийсэн зүйлийг нь баллуурдаад, хэсэг жаахан бал бурмыг нь сорсон. Гэхдээ дэлхий гэдэг том шүү дээ. Дэлхийн их спорт хөлбөмбөг, сагсанбөмбөг агуу юм. Энэ их спортоор монголыг үзүүллээ. Магадгүй 20 жилийн өмнө манайхан багийн спортоор амжилт үзүүлэхгүй ээ, тийм юм байхгүй ээ гэж сагсныхан ярьдаг байсан. Тэр хүмүүс л намайг холдуулах бүх зүйлийг хийсэн. Холбооны удирдлагууд, спонсорууд биш манай сагсны доторх, тогоон доторх муухай хүмүүсийн хорчин бодлогын үр дүнд л Монголын 3х3, хэдэн хүүхдүүд минь л хохирлоо доо. Хайран юм даа. 

-Тоглолтыг нь үзэж байхдаа та хэрхэн харж байв? 

-Олимпын эрхээ авчхаасай. Тулгаагүй ч гэсэн Монгол Улс болно гэж маш их хичээж үзлээ. Өөрийнхөө Tulga TLG пейж дээр бүх мэдээллээ бичсэн. Би уг нь цэвэр монгол сагсанбөмбөг гэж дэлхийд гаргаж ирсэн юм. Бодож бодож. Утсаар бол одоо Iphone16 гарах гэж байна. Манайх бол 18, 20 юм уу даа бараг. Америк сагсанбөмбөг, евро сагсанбөмбөг гэдэгтэй адилхан Монгол сагсанбөмбөг гэж дэлхийд гаргаж ирсэн. Энэ хүүхдүүд маань ч гэсэн яг бүтээгдэхүүн байсан. Хүүхдүүдийг минь надаас хол байлгаж байгаад үнэхээр муухай байлаа. Гарын таван хуруугаар эрхий хурууг нь огтлоод л хаячихлаа. Дөрвөн хуруутай гараар юу хийж болох вэ. Яг л ийм юм боллоо. Карма гэж байгаа. Хүмүүс одоо ойлгож байгаа байлгүй дээ. Тулгаатайгаа байсан бол олимпын эрхийг бүр аль эрт авчих байсан. Парисын олимпоос медаль ч авах боломжтой. Дэлхийн аваргаас медаль авна гэж яриад байгаа шүү дээ. Үүнд одоо хүмүүс итгэж байгаа байлгүй дээ. Сагсны муухай хүмүүсийн л хор л доо. Тийм боломж байхгүй, байгууллагын аварга, компанийн аварга гээд монголчууд хоорондоо л тоглоно гэсэн тийм нэг бодолтой сагсны муухай хүмүүс амьд сэрүүн энэ бүгдийг харж, үзэж байгаад нь нэг бодлын талархаж ч байна. Хожигдоход нь их баярласан байх өө тэр хүмүүс. Миний хувьд монгол хүн орчин цаг үед арай өөр гэж өөрийгөө боддог. Би биш бид, монголчууд нэг монгол гэж боддог. Монголчуудад бахархал хэрэгтэй байгаа юм даа. 

-Та 3х3 багийн залуусыг хэдэн наснаас нь дасгалжуулсан юм бэ? 

-Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн хоёртой би 18, 20-иод жил болж байна. Хоёр хүүхдэдээ маш их харамсаж байна. Токиогийн олимпод орох эрх авахаар Унгарын Дебреценд бас уйлаад байж байхад нь багш нь дөрвөн жилийн дараа олимпод хамтдаа ороод, хамтдаа алхана гэсэн ёстой нөгөө алаагүй баавгайн арьсыг хуваах хэрэггүй гэдэг шиг юм боллоо. А.Анандын хувьд стресс, нерв байсан. Дасгалжуулагч гээд байгаа хүмүүс нь стресс, нерв өгөөд байгаа. Ийм бүтэхгүй юмнууд, өөрөө сагс тоглож сураагүй байж жаахан онцгүй л шийдвэрүүд гаргалаа. Яах вэ олон хүмүүс болчих юм байна. Тулгаагийн хийсэн зүйл дээр дөрөөлөөд юм болгочихно гэж бодсон. Би биш бид гэдэг уриан дор л явах хэрэгтэй байсан. Одоо үнэхээр хэцүү байна. Хайран олимп. Хайран Монгол түмний бахархал юм даа. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа