Үндэсний Алтан цомын төлөөх медалийн барилдаан эхэлж, Өвөрхангай-Говьсүмбэр аймгууд барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 21-4-өөр илт давуу ялж, хүрэл медалийн эзэн болж, Говьсүмбэр аймгийн баг дөрөвдүгээр байрын эзэн болов.
Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /5/, улсын харцага Х.Гантулга /2/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /5/ цэргийн арслан Б.Өлзийсайхан /4/ нийт 21 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Г.Дармаажанцан /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нийт 4 даваа авсан юм.
Шагналыг маргааш орой финалын барилдааны дараа гардуулна.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай нар ажиллав.
Маргааш орой буюу 18:00 цагаас Архангай-Ховд аймгууд Алтан медалийн төлөө өрсөлдөж, ялсан баг Алтан цомын эзнээр тодрох юм.