Улсын гуравдугаар төв эмнэлэг 2024 оны 08 сарын 28-ны өдөр Зүрхний хэт цөөн цохилтыг тогтмолжуулах бичил суулгац пейсмейкерийг суулгах мэс засал эмчилгээг анх удаа амжилттай нэвтрүүллээ.
Олон улсын зүгээс тус мэс заслын хийхэд эмнэлэг ба хүний нөөцөд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тул тус мэс засал эмчилгээг эх орондоо үргэлжлүүлэн хийх зөвшөөрлийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвд олгосон юм.
Анхны мэс заслыг тус эмнэлгийн харьяа зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий өөрийн баг бүрэлдэхүүний хамтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд БНХАУ-ын Шанхай хотын Рүйжин эмнэлгийн Профессор Ву Ли Чунгаар ахлуулсан зочин баг хяналт тавьж хамтран ажиллалаа.
Бичил суулгацыг судасны өөрчлөлттэй, халдварын болон цус алдах эрсдэл өндөр зэрэг шалтгаанаар уламжлалт пейсмейкер суулгах эмчилгээ тохиромжгүй эмчлүүлэгчдэд сонгон хийдэг.
Энэхүү суулгацыг цавины вений судсаар дамжуулан зүрхний баруун ховдлын хөндийд байршуулан орхидог бөгөөд өөрийн батарейгаар 10-15 жилийн туршид зүрхний хэм цөөрөлтийг удирдах чадвартай байдаг. Уг суулгац эмчилгээ нь олон улсад 100-150 орчим сая төгрөгөөр хийгддэг өндөр өртөгт эмчилгээ юм.
Анхны мэс заслыг зүрхний цохилтын тоо хэт цөөрөлттэй 57 настай иргэнд цохилтын тоог цөөрөхөөс сэргийлэх зорилгоор хэсгийн мэдээ алдуулалт дор, цавины хэсэгт <1 см жижиг зүслэг хийн, зүрхэнд суулгацыг байршуулах хүртэл 3.5 минут зарцуулж, мэс ажилбар нийтдээ 20 минут үргэлжилсэн. Эмчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байна.
2024-08-28
Манай эмч нар ч хөрөнгө санхүүг нь шийдээд өгвөл чадварлаг юм шүү