Цаг үеийн мэдээ

Монгол Улсын хэмжээнд 2023 онд нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалтын дэлхийн дундаж 12 хувьтай байдаг бол манай улсад эл тоо 3 дахин их буюу 35 хувиас дээш үзүүлэлттэй, дэлхийд дээгүүрт орж байна. 2012 оны ДЭМБ-ын зөвлөмжөөр, Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг анх нэвтрүүлэхээр болсон ч үргүйдэлд хүргэдэг гэх ташаа мэдээлэл тархаж, улмаар вакцинжуулалтын ажлыг зогсоож байв. 

ДАРХЛААЖУУЛАЛТЫГ АРАВДУГААР САРААС ЭХЛҮҮЛНЭ

Тэгвэл уг вакциныг 2024 оны аравдугаар сараас эхлэн улсын хэмжээнд хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, иргэд, олон нийтэд папиллома вирусийн талаарх үнэн, зөв мэдээллийг хэвлэл мэдээллийн тусламжтайгаар хэрхэн хүргэх чиглэлээрх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбооноос зохион байгууллаа. Сургалтад төрийн байгууллагын 20 орчим төлөөлөл хамрагдав. 

ДЭЛХИЙН 137 УЛСАД ХАВДАР ҮҮСГЭГЧИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙДЭГ

Хүний папиллома вирус (ХПВ)-ийн дархлаажуулалтад охидыг бага насанд нь хамруулах нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг эрс бууруулдаг болохыг олон улсын туршлага, судалгаанаас харж болох юм. Жишээлбэл, Швед улсад хийгдсэн томоохон бүртгэлд суурилсан ажиглалтын судалгаагаар, вакцинжуулалтын 10 жилийн дараах нөлөө 9-16 насны охидод ХПВ-ийн вакцин хийснээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэлийг 88 хувиар бууруулсан бол 17-30 насны эмэгтэйчүүдэд вакцин хийхэд өмнөх наснаас үр дүн багатай байв. Гэсэн ч вакцин хийлгээгүй бусад бүлэгтэй харьцуулахад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 53 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. (HPV Vaccination and Risk of Cervical Cancer. 2020, England, Falcaro et al, 2021)  

ХҮЙС ХАМААРАХГҮЙГЭЭР 11 НАСНЫХАН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ 

Манай улс ХПВ-ийн дархлаажуулалтыг зохион байгуулахдаа:

1) Заавал хийх товлолт насыг 11-ээр тогтоож, эрэгтэй, эмэгтэй хүүхдэд 1 цэн/тун вакцин хийнэ 

2) Сайн дурын дархлаажуулалт буюу иргэн өөрөө төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Үүнд 11-ээс дээш насныханд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дархлаажуулалтын зөвлөх хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу нас насанд нь тохирсон тунгаар хийх аж.

Тухайлбал, 

-9-14 насныханд 2 цэн/тун, 

-14-18 насныханд 3 цэн/тун вакцин тус тус хийхээр зааварт тусгажээ.  

Ташрамд дурдахад, манайд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлийн II дугаарт, нас баралтаар III бичигддэг юм. (Хорт хавдрын тайлан 2023, ХСҮТ)

Эх сурвалж: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб

Таны сурталчилгаа