Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департментын Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын 80 алба хаагчийг “Хүний эрхийн сургагч”-аар бэлтгэх ба эхний сургалт ийнхүү эхэллээ. Уг сургалтын төгсөгчид үргэлжлүүлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бусад алба хаагчдад хүний эрх, жендерийн тэгш эрхийн талаар сургалт зохион байгуулах ба богино хугацаанд хууль сахиулах чиглэлийн бүх алба хаагчдад хүний эрхийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхээр зорьж байна.
Түүнчлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх дадал эзэмшүүлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.