Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор өнөөдрөөс зэрлэгшсэн нохой, муур үргээх, тууж ажлын зохион байгуулж эхэллээ.
Долоо хоногийн хугацаанд үргэлжлэх тус ажилтай холбогдуулан иргэд, оршин суугчид, аялагчид та бүхнийг тус өдрүүдэд сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Дээрх ажлын хүрээнд Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын аманд удаан хугацаагаар үүрлэсэн зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчид хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай болж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг мөн анхааруулав.