Youtuber Gremix-тэй ярилцлаа.
-Таны гол дүрд нь тоглосон “Бараг л аймшгийн кино” нэртэй дэлгэцийн уран бүтээл нээлтээ хийлээ. Киноныхоо талаар мэдээлэл өгөөч?
-Миний гол дүрд нь тоглосон “Бараг л аймшгийн кино” сонирхолтой нэртэй кино нээлтээ хийлээ. Инээдмийн хэр нь адал явдалт кино маань Halloween буюу аравдугаар сарын 31-ний өдрөөс бүх кино театраар гарч эхэлсэн. Нэр нь л “Бараг л аймшгийн кино” гээд байгаа болохоос инээдмийн адал явдалт кино. Мэдээж тодорхой хэмжээнд аймшгийн элемент байгаа. Сүртэй аймшгийн кинотой харьцуулахаар аймшгийн зүйл бол байхгүй ээ.
-Кинонд тоглох саналыг анх яаж хүлээж авав. Зохиолоо уншихад ямар санагдсан бэ?
-Анх над руу жүжигчин Батаа ах холбогдсон. Би Батаа ахтай уулзаж байгаагүй. Очоод уулзтал сүрдээд, багаасаа л тоглосон киног нь үзэж өссөн жүжигчний нэг шүү дээ. Тэгээд л уулзаад юм ярихад сүрдээд, тэгсэн маш гоё хүн байж таарсан. Юм ярьж байгаад саналаа тавьсан. Киноны голд дүрд тоглуулах хүсэлтээ хэлэхдээ аймшгийн, инээдмийн жанрын кино гэж санал тавьсан нь надад маш томоор туссан. Түүнээс тодорхой хэмжээнд тийм ийм кинонд тоглох уу гэсэн санал хааяа нэг ирдэг л дээ. Би тийм зүйлд жаахан сонирхолгүй. Дээрээс нь мэргэжлийн жүжигчин биш болохоор татгалзсан хариу өгөөд байдаг юм. Энэ киноны саналын жанр нь надад таалагдсан. Би өөрөө аймшгийн, инээдмийн төрлийн кино үзчихээд байдаг төрлийн хүн л дээ. Тэгээд сонирхоод зохиолтойгоо танилцахаар болсон. Тухайн үед зохиол нь эхлээд явж байсан. Эхлэл нь таалагдаад л “Ерөөсөө хэдүүлээ цаашаа үргэлжлүүлээд хамт явъя” гээд зөвшөөрсөн. Зун зургандаа явчхаад саяхан эцсийн байдлаар бэлэн болоод нээлтээ хийчхээд байж байна.
-Та өсвөр насны болоод бага ангийн хүүхдүүдийн дунд их алдартай шүү дээ. Таныг энд тэнд явж байхад хүүхдүүд таниад зураг даруулах, гарын үсэг авахаар их хүсэлт тавьдаг юм билээ. Энэ нь танд ямар санагддаг вэ?
-Ер нь энд тэнд явж байхад, олон хүүхэдтэй газраар явахаар хүүхдүүд таниад зургаа даруулах, гарын үсэг ч авах юм уу нэг юм болно л доо. Би түүндээ их дуртай л даа. Угаасаа миний мөрөөдөж байсан зүйл юм чинь. Хүмүүс хажуугаас хальт харахад төвөгтэй санагдах зүйлүүд байдаг байх. Би түүндээ дуртай. Багаасаа л ийм болбол гоё гэж боддог байсан. Тийм болохоор ямар нэгэн байдлаар төвөгшөөгөөд байдаг зүйл байхгүй.
-Яагаад youtuber болохоор шийдсэн юм бэ. Өөрийгөө нийгэмд, хүүхдүүдэд ийм нөлөөлөлтэй болох хэмжээнд хүрнэ гэж бодож байв уу?
-Одоо маш олон youtuber-үүд байдаг болчихсон шүү дээ. Тухайн үед намайг эхэлж байхад Yyoutuber гэдэг үг Монголд орж ирээгүй. Тийм үг хэлдэг хүн ч байгаагүй. Гадаадад бол маш ихээр youtuber-үүд гарч эхэлж байсан. Монголд ч гэсэн энэ хэллэг орж ирээд, хүмүүс youtube хийгээд, мэддэг болоосой гэж тухайн үед их боддог байсан. Ядаж өөрөө эхлээд үзэх ёстой байх гэж бодоод тэгээд л эхэлж байсан даа.
-Бичлэгүүдийнхээ санааг яаж олдог вэ. Нэвтрүүлгийн зохиол шиг байдаг уу?
-Нэвтрүүлэг шиг тийм нарийн зохиол байхгүй. Эхлээд ингэнэ, дунд хавьд нь ингэх юм байна, төгсгөлд нь ингэнэ гэсэн ерөнхий санаагаа гаргаад л бусад зүйлийг нь сурцаараа л явчихдаг даа.
-Таны цаашдын зорилго юу байгаа вэ?
-Дотроо бодсон зүйлүүд бий. Одоохондоо нэг их яриад яах вэ. Тухайн цаг үедээ хийгээд явахаар харагдах байх.
-Танд дахиад кинонд тоглох урилга ирвэл тоглох уу?
-Одоо ч нэг хэсэгтээ л кинонд тоглохгүй байх аа. Би чинь өөрийгөө голно. Дээрээс нь түрүүн хэлсэн мэргэжлийн жүжигчин биш. Тодорхой тохиолдолд тоглоод 2-3 киноны ард гарч байсан. Энэ бараг дөрөв дэх нь болчхов уу. Гэхдээ цөөхөн дүртэй киноны гол дүрд анх удаа тоглолоо. Өмнө нь олон дүртэй болохоор минут нь хуваагаад авчихдаг. Энэ киноны бараг 80-90 хувьд нь би гарч байгаа болохоор гол дүр гэж явж байгаа. Тэгэхээр надад бас их шинэлэг л байлаа.
-Киноны гол дүрд тоглох ямар санагдав?
-Хэцүү юм байна өө. Туслах дүр гоё шүү дээ. Очиж байж байгаад л хальт гарчхаад, бусад үед нь өөр хүмүүс тоглоод л тэр хооронд нь зав чөлөөтэй байж байдаг. Гол дүрд тоглохоор надаас маш их хамааралтай, би сайн байхгүй бол болохгүй. Тийм болохоор их хариуцлагатай л юм байна.
-Таны үндсэн мэргэжил юу вэ. Цаашдаа youtuber-ээ хийгээд явах уу, үндсэн мэргэжлээрээ ажиллах сонирхол бий юу?
-Цаашдаа youtuber-ээ л хийх байх. Гол нь youtuber хийхээсээ уйдах ч юм уу, залхах зүйл гарч ирэхгүй байгаа. Одоо хүртэл би анх удаа эхэлж байгаа юм шиг л бичлэг хийх болгондоо аз жаргалыг мэдэрдэг. Одоохондоо больё гэсэн зүйл алга. Миний үндсэн мэргэжил IT инженер гэдэг анги төгссөн. Харамсалтай нь үндсэн мэргэжлээрээ ерөөсөө ажиллаж үзээгүй. Төгсхийнхөө даваан дээр үүнийгээ эхлүүлчихсэн байсан болохоор тэр чигээрээ явчихсан.
С.ОТГОНБАЯР