Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газартай хамтран Тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны удирдлагууд болон аймгуудын Байгаль орчны газрын дарга нарыг оролцуулан цахим хурал зохион байгууллаа.
Цахим хурлаар саарал чонын тоо толгой ихэссэнтэй холбогдуулан Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд мал сүргийг хамгаалах тоо толгойг сийрэгжүүлэлт хийн чоно агнах талаар чиглэл өгч ажиллалаа.
Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг амьтны нөөц хэрэгцээг харгалзан аймаг нийслэлээр тогтоодог. Энэ хүрээнд 2019-2024 оны хооронд аймгуудад 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнахаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгосноос аймгууд нийт 153 саарал чоныг агнасан байдаг. Ахуйн зориулалтаар чоно агнах зөвшөөрөл авахад 2023 онд шинэчлэн батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээгээр 1,130,000 төгрөг учир 226,000 мянган төгрөг төлөөд агнаж болно.
Аймгуудын ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа 5 жил тутамд хийгдэж амьтдынхаа тархац нөөцийн судалгааг хийдэг бөгөөд судалгаагаар тоо толгой ихэссэн тохиолдолд сүргийн бүтцийг зохицуулан сийрэгжүүлэлт явуулах зохицуулалт хуульд нь бий.