Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарчээ.
Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт, түүний ах, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж.
Талийгаачийн том хүү цэргийн алба хааж байсан бөгөөд халагдаад ирэхэд нь хоосон гэр, тавгийн идээ угтсан тухай хүү нулимс дуслуулан хэллээ.
Мөн тэрбээр:
"Би аавгүй өссөн, ээжийгээ дүү нараа алдаад цор ганцаараа үлдлээ. Цэрэгт явчаад ирэхдээ юугаа ч мэдэхгүй хөөрхөн дүү нараа, ээжийгээ алдчихлаа. Цаашид миний амьдрал бүрхэг боллоо. Үнэхээр гомдолтой байна. Гэртээ орж ирэхэд ширээ засчихсан, тавгийн идээ зассан байсан. Ах намайг сэтгэлээ бариарай гэж захисан. Цор ганцаараа үлдлээ. Утаанаас болж өөр айлын амьдралд ч ингээд хар толбо үлдээд байх уу.
Манайх сайжруулсан түлшийг байнга түлдэг байсан. Угаар мэдрэгч байсан. Ажиллаж байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Улсаас зургаан хүний оршуулгын зардалд 5 сая төгрөг олгосон. Шүүх шинжилгээний хариу нэг сарын дараа гарна гэсэн" гэв.