Цаг үеийн мэдээ

Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой энэ сарын 8-нд тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг угтан “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг эмхэтгэн гаргасан бөгөөд номын нээлт өнөөдөр /2025.02.06/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Номын нээлтэд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, М.Мандхай, Ж.Галбадрах болон намын удирдах бусад албаныхан, зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөл оролцов. 

“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг Түүхийн ухааны доктор На.Батболд, Ч.Болдбаатар нар эмхэтгэн гаргаж, Түүхийн ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Хишигт редактор хийж, Монгол Ардын Намаас дэмжин хэвлүүлсэн байна.

Энэхүү номыг эмхэтгэн гаргасан, Түүхийн ухааны доктор На.Батболд хэлэхдээ Монголын түүхэнд үлдсэн улс төрийн зүтгэлтнүүдээс хамгийн арвин баялаг сан хөмрөгтэй хүн бол Маршал Х.Чойбалсан байдаг ч түүнтэй холбоотой судалгааны бүтээл, түүнийг судлаачид цөөн байгаа тул цаашид судалгааны бүтээл олон гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Тэрбээр өмнө нь Маршал Х.Чойбалсангийн захидлуудыг эмхэтгэн ном гаргаж байсан судлаач юм.

Мөн энэхүү номыг эмхэтгэн гаргасан, Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар онцлохдоо Маршал Х.Чойбалсан бол хувь хүн, удирдагчийн хувьд ч маш сонирхолтой тул түүний өвийг цаашид зайлшгүй судлах учиртайг хэллээ. 

Энэхүү номын нээлтэд иргэд олон нийтийн төлөөлөл өргөнөөр оролцон төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан Маршал Х.Чойбалсангийн түүхэн гавьяа үйлсийн талаар эрдэмтэн, судлаачдын яриаг сонсож, шинэхэн бүтээлийн дээжээс хүртсэн юм.

Таны сурталчилгаа