Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг буюу эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг “үүрэлцдэг”. Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хот 200 МВт чадлын дутагдалд орсныг энэ өвөл нөхсөн. Өөрөөр хэлбэл, Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас төвийн системд эрчим хүч нийлүүлснээр уг дутагдалтай хэрэглээг нөхсөн билээ.
2025 онд Улаанбаатар хот эрчим хүчний чиглэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Тухайлбал, ТЭЦ-2 станцын үнсэн сан дээр 300 МВт хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай хоёрдугаар блокийг ашиглалтад оруулах юм. Морингийн даваа, Цагаан даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотод байгальд ээлтэй технологиор станц барих ажлыг судалж байна.
Эрчим хүчний төслүүд нийслэлийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулаад зогсохгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах, агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой.