Зэвсэгт хүчний Жанжин штабын цахим хуудаст өнөөдөр Г.Мөнхөө гэдэг бүсгүй захидал ирүүлжээ. Тэрээр шөнийн цагаар хөдөө хээр хайрт ижийнх нь амь насыг аварсан цэргийн бүсгүйд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүссэн байв. Бүсгүйтэй холбогдож мэдээллийг тодруулахад "Битүүний шөнө буюу 2 дугаар сарын 28-ны 04 цагийн үед ээж бид хоёр Дорноговь аймгийн Замын-Үүд рүү зорчиж байлаа. Гэтэл ээж маань бие нэг л базаахгүй байна гэснээ амьсгал нь бөглөрч, ухаан алдсан.
Ижийгээ тийм байдалд ороход нь үнэхээр айж, шоконд орж яахаа ч мэдэхгүй байсан. Аваараа татаж машинаа зогсоогоод замын унаануудаас тусламж гуйхад төд удалгүй 90.. УАХ дугаартай машин зогсож, цэргийн хувцастай эмэгтэй хүн бууж ирээд ээжид үнэртэй усаа үнэрлүүлж, хиймэл амьсгаа хийж арай дээрдүүлсэн.
Тэгээд "Би та хоёрыг ойрхноор нь Налайхын эмнэлэгт хүргэж өгье" гээд эмнэлгийн бараа харуулж, ижийг минь аварсан. Би айсандаа машинаа ч унаж чадахгүй, тэр бүсгүйгээр хүргүүлсэн нь тэр. Одоо ээж бид хоёр 3 дугаар нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Одоо ээжийн бие овоо тогтворжсон. Эмч нар яаралтай арга хэмжээ аваагүй бол хүндхэн байдалд очих байж шүү гэж хэлж байсан. Тэр бүсгүйд үнэхээр их баярлалаа. Нэрийг нь асуухад Пагмаа гэдэг Дорноговь аймагт цэргийн ангид ажилладаг л гэсэн. Түүнээс өөр мэдээлэл асууж амжаагүй. Хотоос ажил руугаа явж байхад таарлаа гэж байсан. Цэргийн хүн учраас үүнийг уншиж магад гээд та бүхэнд хандаж байгаа минь энэ. Пагмаад маш их баярлалаа, ижийгээ гайгүй болохоор очиж баярласнаа заавал хэлнэ ээ" гэсэн юм.
Мэдээллийн дагуу Пагмаа гэдэг цэргийн бүсгүйн эрэл суралд гарахад Ч.Пагамдулам гэдэг ахлагч цолтой, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр салбарт алба хаадаг, ахлах планшетчин байлаа. Сар шинийн босгон дээр эрдэнэт хүний амь насыг аварч, элэг бүтэн амьдралыг гэр бүл, үр хүүхдүүдэд нь үлдээж чадсан цэргийн бүсгүй танд баярлалаа.
Ахмад Д.БОЛОР