Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Японы “Ниппон” сангийн тэргүүн Сасакава Ёохэй-г хүлээн авч уулзав. 

Сайд Б.Батцэцэг “Ниппон сан”-гийн зүгээс 1990 оноос хүний нөөц, уламжлалт анагаах ухаан, эрдэм шинжилгээний зэрэг чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. 

Тэрбээр мөн тус сангийн зүгээс манай улсад 2008-2014 онуудад хэрэгжүүлсэн “Монгол Улсын Парламентын залуу гишүүдийг Япон Улстай танилцуулах хөтөлбөр” -ийг сэргээгээд буйг сайшааж, энэхүү хөтөлбөр нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын Парламентын залуу гишүүд Япон Улсын талаарх мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэх, Монгол, Японы найрсаг харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.  

Уулзалтаар талууд Монгол Улсын хүний нөөцийг чадавхжуулах, тухайлбал Монгол Улсын төрийн албан хаагчдыг Япон Улсад богино хугацааны сургалтад хамруулах, их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн сан байгуулах, орон нутгийн оюутан, залуучуудын ур чадвар, боловсролыг дэмжих зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ярилцав. 

Японы “Ниппон сан” нь 1962 онд байгуулагдсан хувийн, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд хүмүүнлэгийн үйл ажиллагаа, түүний дотор дэлхийн далайн хөгжил, нийгмийн халамж, нийтийн эрүүл мэнд, боловсролын салбарт дэмжлэг үзүүлж, хөтөлбөр хэрэгжүүлж буй. 

Тус сан нь мөн 1964, 2021 онуудад зохион байгуулагдсан зуны “Олимпын наадам”, 1970 оны “Осака Экспо” зэрэг дэлхийн хэмжээний арга хэмжээнүүдийг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн аж.

Таны сурталчилгаа