XRP (Ripple), SOL (Solana), ADA (Cardano) гэсэн гурван криптовалютыг Америкийн дижитал хөрөнгийн стратегийн нөөцөд оруулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” сүлжээнд ням гарагт мэдэгджээ.
Д.Трамп тангараг өргөснийхөө дараахан буюу нэгдүгээр сарын 23-нд дижитал хөрөнгийн тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Уг зарлигт дижитал хөрөнгийн асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай дурдсан бөгөөд ажлын хэсгийг хиймэл оюун, криптовалютын асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн тусгай зөвлөхөөр ахлуулжээ. Ажлын хэсэгт мөн Сангийн сайд, Ерөнхий прокурор, Худалдааны сайд, Дотоод аюулгүй байдлын сайд нар болон Ерөнхийлөгчийн хэд хэдэн туслах, зарим албан тушаалтан багтсан байна. Чухам энэ ажлын хэсэг одоо криптовалютын нөөцийг бий болгох ёстой гэж Д.Трамп мэдэгджээ. Тэрбээр мөн “АНУ-ыг дэлхийн криптовалютын нийслэл” болгохыг эрмэлзэж байгаагаа онцолсон байна.
Түүний мэдэгдлийн дараа эдгээр криптовалютын ханш 10-35 хувиар огцом өссөн байна. Бусад цахим активын ханш ч мөн өсжээ.
Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр "АНУ-ыг дэлхийн криптовалютын төв болгон хувиргана, криптовалютын зах зээлийн одоогийн зохицуулалтын бодлогод томоохон өөрчлөлт оруулна, засгийн газар токенуудаа хадгалах “биткоины үндэсний стратегийн нөөц”-ийг бий болгоно" гэж амлаж байсан юм.