Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хувааж өглөөний 03:40-07:40, 15:40-19:40 цагийг ХИЙН ЦАГ гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол иднэ.
11:40-15:40 цагийг ШАРЫН ЦАГ гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэнэ.
07:40-11:40, 19:40-23:40 БАДГАНЫ ЦАГ тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй байдаг.
23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэжээ.
Монголчууд эрт цагаас эхлэн сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цагт босдог байж. Гэхдээ өнөө үед энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул ядаж 05:00 цаг гэхэд босоод 07:40 цагаас өмнө өглөөнийхөө цайг уувал сайн. Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхний тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно.
Харин бадганы цаг буюу 07:40-11:40 цагийн хооронд идсэн хоол бадганыг арвидуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болих, ажлыг чадварыг муутгана.
Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40 цагийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах учраас энэ цагт юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40 цагаас өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй.
Улмаар 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй.