Цаг үеийн мэдээ

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 1 /NBC/.  АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод түргэн тусламжийн нисэх онгоц орон сууцны барилга дээр унаж осолджээ.

Онгоцонд хоёр нисгэгч, хоёр эмч, нэг өвчтөн болон түүний гэр бүлийн гишүүн байсан бөгөөд бүгд амиа алджээ. "Learjet 55" загварын уг онгоц хөөрснөөс хойш 30 секундийн дараа ойролцоогоор 487 метрийн өндөрт нисэж байхдаа радарын дэлгэцээс алга болсон байна. 

Онгоцыг эзэмшдэг "Jet Rescue Air Ambulance" компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, амиа алдсан өвчтөн Мексикийн Тихуана хотод амьдардаг охин байсан бөгөөд буяны хөтөлбөрийн хүрээнд АНУ-д эмчилгээ хийлгэснийхээ дараа ээжийн хамт эх орон руугаа буцаж явжээ. 

Ослын улмаас хэд хэдэн байшин, автомашин эвдэрч сүйдсэн бөгөөд зургаан хүн гэмтэж шархадсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болсон явдалд эмгэнэл илэрхийлжээ.

Онгоцонд байсан хүчилтөрөгчийн баллон онгоц осолдох шалтгаан болсон байж магадгүй гэж “Fox News “сувгийн сурвалжлагч Рич Зеоли эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна. "Бидний ойлгож байгаагаар энэ бол эмнэлгийн онгоц байсан учраас хүчилтөрөгч эсвэл түлшний улмаас ийм хүчтэй дэлбэрэлт болсон байх магадлалтай" гэж сэтгүүлч хэлсэн байна. 

Осол болсон газрын ойролцоох “McDonald's”-ын зогсоолоос хүчилтөрөгчийн нэг баллон олдсон гэж цагдаа нар мэдэгджээ. 

АНУ-ын нийслэл Вашингтон хотод Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлын ойролцоо иргэний онгоц болон цэргийн нисдэг тэрэг мөргөлдсөн осол пүрэв гарагт шилжих шөнө гарсан билээ. Онгоцонд 60 зорчигч, багийн дөрвөн гишүүн, нисдэг тэргэнд багийн гурван гишүүн байсан бөгөөд ослоос нэг ч хүн амьд үлдээгүй юм.

Таны сурталчилгаа