Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газраас санаачилсан “Хүүхэд хамгаалагч” төслийг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж, ХНХ-ын сайдын 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг 2019 онд хэрэгжүүлэхээр батлагдсан. Энэхүү төсөл нь хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийг аливаа эрсдэлээс хамгаалах зорилготой юм. “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг нийслэлийн 152 хороонд тус бүр нэг хүүхэд хамгаалагч, 21 аймагт тус бүр хоёр хүүхэд хамгаалагч, улсын хэмжээнд нийтдээ 194 Хүүхэд хамгаалагч ажиллуулж,Хүүхэд хамгаалагч тус бүр сайн дурын 10 ажилтантай хамтарч ажиллах үүрэгтэйгээр ажиллаж байна

Уг төсөлд ахмад настны тухай хуульд заасан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан аймаг, дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон боловсролын байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан сайн дураар ажиллах хүсэлт гаргасан 65 хүртэлх насны ахмад настнуудыг хүүхэд хамгаалагчаар сонгосон. Сонгогдсон ахмадуудтай цагдаагийн байгууллага, ГБХЗГ, ХХҮХ дөрвөн талын гэрээг энэ оны тавдугаар сарын 01-ээс эхлэн байгуулан ажиллаж байна.

Улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эмзэг цэгийн судалгааг гаргаж, “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн ажиллах цаг, эмзэг цэгт ажиллах чиглэлийг хороо, баг тус бүрээр нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан гаргасан. Хүүхэд хамгаалагч нар маань хороо, баг хариуцсан хэсгийн байцаагч, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын удирдлагад ажиллах чиглэлтэй. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас нийт 154 дунд сургуулийн 23200 сурагч, 10900 эцэг эх, 2400 багш, ажилчдад энэ чиглэлийн зөвлөмж мэдээлэл хүргүүлжээ.

Хүүхэд хамгаалагчид давхардсан тоогоор 550 чиглэлд ажлын өдөр тогтмол хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

Хүүхэд хамгаалагч”-ын эргүүлээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийн мэдээллийг хамтарсан багт мэдээлж, төөрсөн 19 хүүхэд, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж аав, ээж асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан РС тоглоомын газар, гудамжинд архидан согтуурсан зэрэг зөрчлийн 28 дуудлага мэдээллийг илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдээлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан гэх мэт 106 зөрчлийг таслан зогсоосон байдаг.

Түүнчлэн “Хүүхэд хамгаалагч” ахмад ажилтнуудаас хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан зарим тохиолдлыг дурдвал Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч Ү.Орхон 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа дөрвөн давхрын цонхоор унах гэж байсан дөрвөн настай О-ийн амь насыг аварч, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэж өгч, цаашид хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр биечлэн зөвлөгөө өгч ажилласан.

Таны сурталчилгаа