УИХ-ын дарга асан З.Энхболдод холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Тэрбээр энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” бүлэг ордын Нарийн Сухайтын тээврийн бизнес Хятадын компаниудын мэдэлд бүрэн шилжсэн талаар онцоллоо.
Түүний хэлснээр, тээврийн орлого Монголын санхүүгийн системээр дамжихгүй болсноор ноцтой хүндрэл үүсчээ. Өмнө нь Монгол жолооч нар банкнаас зээл авч, машинаа худалдан авч, тээврийн бизнес эрхэлдэг байсан бол одоо энэ тогтолцоо алдагдаж, эдийн засагт “хар нүх” бий болсон гэж тэрбээр мэдэгдсэн байна.
“Өмнө нь манай жолооч нар тээвэр хийж, зээл авч, орлогоо бүртгүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байсан. Харин одоо Хятадын машинууд орж ирэн, хятадын компаниуд тээврийн ашиг олж, Монгол жолоочийг цалинжуулж байна. Үүний үр дүнд манай улсын санхүүгийн системд ихээхэн сөрөг нөлөө үүсч байна” гэж З.Энхболд тайлбарлалаа.
Тэрбээр цааш нь “Жилд дөрвөн тэрбум ам.долларын экспортын орлого Монголын санхүүгийн тогтолцоонд үл нэвтрэх болж, гаднын бизнесийн хяналтад орсон” хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь улсын эдийн засагт урт хугацааны ноцтой үр дагавар авчирч болзошгүй гэж тэрбээр онцолж байна.