Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 1 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ. Эдгээр өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 305 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг бүртгэсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртжээ.
Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл зэргийг хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон жолоочийг эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгоно. Мөн автомашин жолоодох эрхийг зургаан сараар хасах юм.
Харин согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа машин жолоодсон, согтуугаар жолоодсон зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /768 мянга/ төгрөгөөр торгохоор хуулинд тусгажээ. Мөн жолоодох эрхийг гурав хүртэлх жилээр хасаж шаардлагатай гэж үзвэл баривчлан Захиргааны хариуцлага хүлээлгэх юм.