Сүүлийн үед стафилакокк хэмээх вирусын нэрийг сонсож дуулаагүй хүн үгүй байх. Өнөөгийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өдөрт 30 гаруй хүүхдэд идээт үрэвслийн хагалгаа хийгдэж байна. Хатигтай андуурагдах энэ нянгийн халдварт өвчний нян арьсны шарх, цус, уушги зэрэг эрхтэнд орсноор эрүүл мэнд төдийгүй амь насанд ч аюултай аж.
Нэлээд хэдэн жилийн өмнө ихэвчлэн эмнэлгийн ажилчид болон тэдний ойрын хүрээлэлийнхэн халдварлан өвддөг байсан бол одоо цагт нэлээд элбэгшсэн төдийгүй дэлхий нийтэд түгсэн байна.
Тэгвэл MRSA гэдэг нь Methicillin-resistant Staphylococcus aureus гэдэг англи нэр томъёоны товчлол бөгөөд Монголоор Метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк (МТАС) гэнэ. Өөрөөр хэлбэл алтлаг стафилакокк нь дээрх антибиотикуудад тэсвэртэй болсон гэсэн үг.
МТАС халдварыг эмнэлгээс авсан, эмнэлгээс гадуур авсан гэж хоёр ангилдаг аж. Сүүлийн жилүүдэд энэхүү халдвар Монгол Улсад төдийгүй дэлхийд газар авч буй нь аюулын харанга дэлдэж байна.
МRSA нь мэс заслын шарх, арьс салстаар дамждаг ба эмчлэгдэхгүй удсан тохиолдолд зүрх, үе мөчний үрэвсэл, цусан үжил буюу сепсис гэх мэт өвчнөөр хүндэрч амь насанд аюул учруулдаг байна.
Шинж тэмдэг: арьс, зөөлөн эдийн хатиг, буглаа, идээт цэврүүгээр илэрнэ. Маажсанаар томорч үрэвсэж толгойтой болон толгойгүй хатиг үүсдэг байна.
Халдварлах зам: Арьс-арьсаар шүргэлцэх,
Эрсдэлт хүчин зүйл: Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэх, нэг дор олуулаа амьдрах, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд амьдрах.
Хүндрэл: МТАС нь дийлэнх антибиотикт тэсвэртэй тул эмчлэхэд их бэрхшээлтэй, иймд үжил, уушгины хатгалгаа, зүрх, яс, үений идээт үрэвслээр хүндрэх эрсдэлтэй. Хэрэв хатиг буглаа гарсан бол идээнээс нь антибиотик мэдрэг чанарын шинжилгээ өгч эмчилгээгээ эхлүүлэх шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх: Гараа байнга бүлээн усаар савандаж угаах, арьсны шархыг цэвэр боолттой байлгах, хувийн эд зүйлсээ бусадтай хуваалцахгүй байх, хөлөрсөн бол заавал усанд орж биеэ савандаж угаах шаардлагатай. Мөн дархлаагаа сайн дэмжих, халуун шөлтэй хоол идэх, ажил амралтаа тогтмолжуулах, цэвэр агаарт гарч байх хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар МТАС халдварын эмчилгээнд уудаг антибиотикуудаас Триметоприм - сульфаметоксазол буюу худалдааны нэршил нь Бактрим, Бисептол, Септрин; Клиндамицин, Тетрациклин, Доксациклин зэргийг хэрэглэж байна. Харин эритромицин, ципрофлоксацин үр дүнгүй болохыг анхааруулж байна.
Анхаарах: Хүүхдийн бие дээр хатиг хэд хэдэн удаа давтан гарч байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөх шаардлагатай.