Дэлхий дээр хамгийн урт настай үхэр зараа есөн жил амьдарсан гэж үздэг байсан бол Данийн төв дэх Силкеборг тосгоны ойролцоогоос олдсон Торвалд нэртэй эрэгчин үхэр зарааг 16 настай байсныг тогтоожээ. Тэрээр дэлхийн хамгийн хөгшин үхэр зараа бөгөөд байгаль орчны судлаачдад хөхтөн амьтны ирээдүйн судалгаанд асар үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэсэн байна.
Оксфордын их сургуулийн зэрлэг байгаль, ан амьтан судалгааны төвийн доктор Софи Лунд Расмуссен уг ажлыг удирджээ. Тэрээр үхэр зарааны насыг 16 болохыг мэдсэнийхээ дараа нулимсаа барьж дийлэлгүй уйлсан тухайгаа ярьжээ. Үхэр зараанууд 16 жилийн турш амьдарна гэдэг маш гайхалтай нээлт гэж тэрээр үзсэн байна.
Эрдэмтэд 2014 онд Ирландаас олдсон есөн настай эмэгчин үхэр зарааг хамгийн удаан амьдарсан үхэр зараа гэж үздэг байжээ. Харамсалтай нь Торвалд 2016 онд Силкеборг тосгон дахь Данийн амьтан хамгаалах төвд нохойд бариулж үхсэн байна.
“Амьтад” нэртэй судалгааны сэтгүүлд нийтэлснээр дээрх судалгааны ажилд зориулж сайн дурын 400 хүн 700 орчим үхсэн үхэр зараа авчирсны дунд Торвалд байжээ. Хүмүүсийн авчирсан үхэр зараанууд дундаас 11 болон 13 настай үхэр зараанууд ч мөн олдсон байна. Үхсэн амьтдын насыг тогтоохдоо эрүүний ясан дээрх өсөлтийн зураасыг тоолжээ.
Европт үхэр зарааны тоо сүүлийн жилүүдэд огцом буураад байгаа юм. Тухайлбал Их Британид л гэхэд 20 жилийн дотор 75 хувиар буурчээ.
Эх сурвалж: The Guardian