Монгол цэргийн суут жанжин, нэрт удирдагч, ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр /2025.02.02/ тохиож буй. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нар жанжин Д.Сүхбаатарын гэр бүлийнхний төлөөллийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад жанжны гэр бүлээс гадна УИХ, Засгийн газрын гишүүд, Намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга нар, газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцов.
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгаар тогтнолын үнэ цэнэ, үүргийг олон нийтэд таниулах, түүхэндээ хүндэтгэлтэй хандах, түүхийг гуйвуулсан мэдээ, мэдээллийг залруулахад жанжны гэр бүлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тэднийг жанжны талаарх түүх, дурсамжийг хойч үедээ ярьж, хэлж, бичиж үлдээхэд онцгой ач холбогдол өгч ажиллана гэдэгт итгэж байна гэв.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Улс төрийн намын тухай хуулийн дагуу намын үйл ажиллагааны 30 хувь нь улс төрийн боловсрол олгоход чиглэгдэх ёстой. Тиймээс нийгмийн шинэчлэлийн манлайлагч болсон жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг, түүний дотор тусгаар тогтнолд гүйцэтгэсэн онцгой гавьяаг нь олон нийтэд сурталчлан таниулахад жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд нь идэвхтэй оролцож, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа. Мөн Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн энэхүү түүхэн өдөрт зориулан 21 аймаг, 9 дүүргийн Монгол Ардын Намын хорооны хийж, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулав.
Уулзалтын үеэр жанжны гуч охин С.Уянга өндөр өвөөгийн минь тэмцэж олж ирсэн тусгаар тогтнол үеийн үед батжин бэхжихэд бид өөрсдийн чадах хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлсэн бол гэр бүлийнх нь төлөөлөл Л.Заяа жанжны үр хүүхэд, төрөл төрөгсдийн дунд хууль, эрх зүй, гадаад харилцаа зэрэг олон салбарт мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин олон байгааг онцлоод, тэднийг “Анхны долоо" сангийн үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулна гэлээ.
Мөн уулзалтын үеэр жанжны гэр бүлийн гишүүд болон Намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр нар тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ гүн ойлгуулж, ардын хувьсгалын анхны долоогийн үйл хэргийг үнэн зөвөөр түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилт хүсэж, “Анхны долоо” санд хандив өргөсөн юм.