Цаг үеийн мэдээ

Монгол бол ажил хийлээ ч амьдарч болдоггүй орон. Монгол бол ажил хийхгүй ч амьдарч болдог орон. Ажил хийдэггүй нь халамжийн 2 сая төгрөгөөр яаж ам бүлээ тэжээх юм бэ? гэж сошиалд агсам тавьдаг орон. Ажил хийдэг нь цалин их авах тусмаа, ажил олгодог нь цалин нэмэх тусмаа хамтдаа торгуулж шимүүлдэг орон. Ажиллаж бүтээж, татвар шимтгэл төлдөг нь ангайж хэвтэж, алхайж залхуурснаа нуруундаа үүрээд нугардаг орон. Ажил хийвэл ам тосдоггүй орон. Ажил хийхгүй ч амаа тосолдог орон. Өөрийнхөө хөлс хүчээр амьдралаа өөд татъя гэсэн нь урам нь хугараад улсаасаа дайждаг орон. Өрөөлийн хөдөлмөрийг сордог нь хорооноос ирээд хог асгаж өгнө, яндангаа ирж хөөлөөрэй гэж ялархдаг орон. Амжилттай нь илүү харагдаж торгуулдаг орон, амжилтгүй өрөвдүүлж гонгинодог орон. Залхуу залхаг нь халамжлуулж, завсаргүй хөдөлмөрлөдөг дарамтлуулдаг орон.   

Энэ өдрүүдэд татвар, нийгмийн даатгалын хуулийн хэлэлцүүлэг ид дундаа өрнөж байна. Дэвшилттэй ололтой нь татвар, шимтгэл хураагчдынх нь авах гувчихын төлөөх ашиг сонирхлоор бичсэн бэлэн төсөл, бэлдсэн зохиолыг хэлэлцэхгүй байна. Татвар шимтгэл төлөгчид өдөр бүр амсдаг дарамт шахалт, зовлон жаргалаа эхлээд ярьж байна. 

Хүний нутаг, гүний газарт, Солонгост 5 жил ажил голохгүй хийж, харь хүний цогцос ухаж, хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөөр өвөртөлж ирээд бизнесээ эхэлсэн Т.Тэнгис хэмээх  залуугийн үнэн сэтгэлийн үгнээс үй олон залуусын зовлон жаргалыг нэвт шувт ойлгож болно. Ирэн очин ажиллаж, Инчонд дөнгөж буутал аав нь өнгөрснийг сонсоод, онгоцны тасалбарын мөнгө зээлж явсан энэ залуугийн туулсан амьдрал,  эх орондоо хийж бүтээх хүслийнх нь хясал бүхэн, нэг Тэнгисийн биш олон арван мянган монгол залуусын үг. Өөрийн хөлс хүчээр хураасан хэдэн төгрөг, арилжааны банкны зээлээр “Авдар сервис” авто угаалга, машин засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа үйлчилгээ эрхлэх болсон нь эцсийн эцэст элдэв шалгалт хяналт, дарамт шахалтад өртөх,  өндөр хүү, 3 дахин нэмэгдсэн тогны үнэ төлөхийн төлөө л байсан гэж үү? Төр засаг лай биш Төмөрмөнхийн Тэнгис шиг залууст зай болсон цагт Монгол хүн амьдралаа өөрөө бүтээнэ. Хавтгай халамж биш хөдөлмөр ажил хүний хувь заяаг өөд татна.

Таны сурталчилгаа