Батлан хамгаалах салбар 2024 онд амжилт бүтээл, идэвх зүтгэлээрээ манлайлсан "Шилдэг анги, офицер, ахлагч, ажилтан албан хаагч"-даа тодруулж, сайшааж урамшууллаа.
Батлан хамгаалах салбарын 2024 оны "Шилдэг анги"-иар хурандаа Н.Гүрбадам захирагчтай, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар анги, "Шилдэг офицер"-оор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Тоон систем электрон автоматжуулалтын тасгийн мэдээллийн системийн инженер ахмад Б.Мөнх-Учрал, "Шилдэг ахлагч"-аар Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн Сургалтын тасгийн сургалтын ахлагч ахлах ахлагч Х.Түвшинбаяр, "Шилдэг ажилтан алба хаагч"-аар ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээний мэргэжилтэн доктор (Ph.D), профессор Д.Энхчимэг нар шалгарлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцож ажил үйлсээрээ манлайлсан шилдгүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ 2025 он бол батлан хамгаалах салбарын хувьд батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлж, Зэвсэгт хүчинд технологийн дэвшлийг нэвтрүүлсэн, улс орны стратегийн бүтээн байгуулалт болон энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлсэн, Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлсэн, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлсэн, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангасан жил байх болно гэдгийг онцолсон юм.