Цаг үеийн мэдээ

Иргэн Ж.Хатанбаатар нь 2008 онд нийслэлийн харьяа Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг менежментийн хувьчлалаар авч, 2021 он хүртэлх хугацаанд улс, нийслэлийн төсвөөс 7 тэрбум гаруй төгрөгийн татаас авчээ. Тус төвийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг 8 объект байдаг бөгөөд менежментийн хувьчлал үр дүнгүй байгаа тул нийслэлийн үе үеийн удирдлага иргэн Ж.Хатанбаатараас объектуудаа буцааж авахаар маргаан үүсгэж байсан юм. Өнгөрсөн жил нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж, менежментийн хувьчлал нэрийн дор хувьдаа завшихыг зөвшөөрөхгүй, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хүүхдийн эмнэлэг болгоно гэж мэдэгдэж байв. Үүний дагуу НЭМГ-аас Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нараас объектыг суллахыг 10 гаруй удаа дараа шаардсан байна. Гэвч Ж.Хатанбаатар, Х.Гүрбазар нар нь Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гэрчилгээ, тамгыг авч зугтсан бөгөөд өнөөдөр эмнэлгийн ажилчдаа турхирч, нийслэлийн өмчийн объектыг суллахгүй хэмээн маргаан дэгдээжээ.

Таны сурталчилгаа