Цаг үеийн мэдээ

Улаанбаатарын утааны асуудал 20 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Гэвч өнөөдөр ч гэсэн хүмүүс угаартаж, өвдөж, амь насаа алдаж байна. Энэ асуудлын талаар иргэн Б.Отгонтуул утааны сонсголын үеэр маш шулуухан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Дарга нар хэзээ ч гал түлдэггүй. Монголын баялаг бол ард иргэд. Тиймээс ард иргэд рүүгээ чиглэсэн бодлого хэрэгтэй" гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл утааг багасгах олон шийдэл гарч байсан ч бодит амьдрал дээр хэрэгжиж чадсангүй.

Зуух солино гэж ярьсан ч үр дүн гарсангүй. Шахмал түлш хэрэглэх гэж туршсан ч угаартаж амиа алдсан олон тохиолдол гарсан. 20 жилийн өмнөөс утааг бууруулъя гэж ярьсан ч бодит өөрчлөлт гараагүй.

60-70 жилийн өмнө хийж байсан ажлыг өнөөдөр шинэ санаа мэт хэрэгжүүлэх гэж байгаа нь иргэдийг "туршилтын туулай" мэт үзэж байгаатай адил юм.

Сайжруулсан шахмал түлшийг бүх зууханд тохиромжтой гэж зарласан ч энэ нь бодит байдал дээр үнэн биш. Түлшний илчлэг өндөр тул энгийн зууханд дутуу шатаж, угаарын хийн асуудал үүсгэдэг. Иргэн Б.Отгонтуулын гэр бүл 2022 онд угаартсан. Гэвч төр засаг хариуцлага хүлээгээгүй. Харин ч "буруу хэрэглэсэн" гэж иргэд рүү бурууг тохожээ.

Баячууд улаан халаалт, сайхан хороололдоо амьдардаг. Тэд утааны асуудалтай өдөр бүр тулгардаггүй. Харин гэр хороололд амьдарч буй жирийн иргэд өдөр тутмынхaa амьдралын төлөө тэмцэж байхад утаатай хэрхэн тэмцэх вэ?

Өдрийн хоолоо яая гэж байгаа хүмүүс утааны эсрэг ямар ч үнэтэй бодлогыг хэрэгжүүлж чадахгүй. Амьдралын нөхцөл нь сайжрахгүй бол утааны асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.

Гэр хорооллын айлуудад бодит дэмжлэг үзүүлэх, хямд, аюулгүй халаалтын шийдэл санал болгох. Хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байхад "шахмал түлш хэрэглэх нь зөв" гэж зүтгэхээ болих. Цахилгаан халаалт, дулааны шугам сүлжээг өргөтгөх, хямд үнээр гэр хорооллын иргэдэд хүргэх.

Утааны асуудлыг шийдэхийн тулд иргэдийг туршилтын туулай болгох биш, амьдралд нийцсэн, аюулгүй, боломжтой шийдлүүд хэрэгжүүлэх ёстой. Баячууд гэр хорооллын иргэдийн асуудлыг шийдэж чадахгүй, харин гэр хороололд амьдарч буй хүмүүсийн саналыг сонсож, бодит шийдэл гаргах л хамгийн зөв зам юм.

Таны сурталчилгаа