Улаанбаатар хотод хамгийн удаан оршин тогтнож буй бүс бол гэр хороолол. Гэтэл өнөөдрийг хүртэл төр, засаг үүнийг түр суурьшлын бүс мэт үзэж ирсэн. Үүнээс үүдэн гэр хорооллыг хөгжүүлэх, дэд бүтцэд холбох бодлого хэрэгжээгүй, харин ч эсрэгээрээ "нэг л өдөр бүгд орон сууцанд орно" гэсэн хүлээлтэд олон жил амьдарсаар байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал энэ асуудлыг хөндөж, төрийн бодлогын бурууг шуудхан шүүмжиллээ. Гэр хорооллын иргэдийг хэзээ нэгэн цагт орон сууцанд оруулна гэсэн хандлага нь хөгжлийг гацааж байна.
-Төрөөс гэр хорооллыг үл тоосоор ирсэн.
-Гэр хороололд амьдарч буй хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах хөрөнгө оруулалт орж ирдэггүй.
-Төвлөрсөн төлөвлөлтөөс гадуур, орон сууцанд орж чадахгүй хүмүүс 21-р зууныг нүхэн жорлон, нүүрсэн түлштэй үднэ.
Шийдэл нь юу вэ?
Төр засгийн хэт төвлөрсөн төлөвлөлтөөс татгалзаж, гэр хорооллыг тогтвортой амьдрах орчин гэж хүлээн зөвшөөрөх ёстой.
-Гэр хорооллыг хэсэгчлэн хөгжүүлж, бие даасан инженерийн шугам сүлжээний шийдлүүдийг нэвтрүүлэх.
-Зөвхөн нийтийн орон сууц, цөөн хэдэн тансаг хаус барих биш, хүн бүрт хүртээмжтэй, уян хатан шийдэл гаргах.
-Гэр хорооллын хөгжлийг иргэд өөрсдөө тодорхойлох боломжтой байх.
-Байгальд ээлтэй, орчин үеийн амьдрах нөхцөл бүрдүүлэхэд иргэдийн санаачилгыг дэмжих.
-Гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх.
-Гэр хорооллын байшин, сууцнуудыг дулаалах, халаалтын шинэ технологи нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд "Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлгэм" УИХ-ын түвшинд байгуулагдахаар болж байна. Энэ бүлгэм нь:
-Гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах бодлогын санал боловсруулна.
-Дэд бүтцийг хөгжүүлэх олон хувилбарт шийдэл гаргана.
-Хувийн хэвшил, төр, иргэдийн хамтын ажиллагааг дэмжинэ.
Төвлөрсөн төлөвлөлтөөс болж олон мянган иргэн дэд бүтцээс тасарсан, амьдрах орчноо өөрсдөө сайжруулах боломжгүй нөхцөлд оршсоор байна. Гэр хорооллын хөгжил бол түр зуурын асуудал биш, харин Монгол Улсын хөгжлийн нэг хэсэг байх ёстой. Тиймээс төр засаг гэр хорооллын иргэдийг хүлээлтийн байдалд байлгах биш, бодит дэмжлэг үзүүлэх цаг болсон.