Зөвшөөрөл, бүртгэл, эрх, гэрчилгээ, гэрээ, батламж зэрэг элдэв янзын алга дарам цаас борлуулдаг төр бүр сүүлдээ хүнд өөрт нь ажил, амьдралынх нь цагийг хүртэл зардаг болчихсон нь илэрлээ. Зарна зарна гэхэд хийе бүтээе гэсэн хүнд амьдралынх нь алтан цагийг зовоож тарчлаан байж зарна гэдэг хүнд суртал зохиох хур их туршлага юм. Б.Азжаргал гэдэг даргатай Дарханд нүдний шилний жижиг газар нээе гэвэл ажлын цагийн хуваарь батлуулж авах ёстой байсан аз жаргалгүй баримт сөхөгдөөд, ашгүй хурдан заслаа. Иргэн өөрөө өөртөө ажиллах цаг олж авахын тулд төрд хадгалагдаж байгаа иргэний үнэмлэхээ канондуулаад, цахим өргөдөл гаргах хууль байсаар байтал гараар өргөдлөө бичээд, багийн дарга, хог тээврийн үүд сахиж хоёр гэрээ хийгээд, татвараас бичиг гээд 5 цаас сугавчилна. Хэрвээ компани бол улсын бүртгэл, тохирлын гэрчилгээ, мөн гар өргөдөл, хогны гэрээ, татварын бичиг 5 цаас хавтаслаад, цагаа авна.
Монгол бол хуулиас дээгүүр дүрэмгүй дүрмээр хүний хүслийг дүрэмдсэн, журамгүй журмаар иргэнийхээ мөрөөдлийг журамладаг орон. Халамжлуулж залхуурсан нь хожиж, хийж бүтээсэн нь хохирдог орон.
Түгжрэлийн сайдтай болохоор түгжрэл, олимпын сайд томилохоор олимпод муу ордог нь муугийн ёс биш Монголын ёс. Одоогоос гурван өмнө Зөвшөөрлийн тухай хууль баталж, мянган зөвшөөрлийг 251 болгож цөөлтөл 16-аар нэмэгдээд, зөвшөөрөл нь бүртгэл, эрх, гэрчилгээ, гэрээ, батламж гэх зэрэг зүсээ хувиргаж, нэрээ өөрчлөөд бүр олширч, бүдүүрч томорсон байна. Өнгөрсөн 7 хоногт хуулиас давсан хууль бус журам 36-г цуцлаад байна. Хуулиас дээгүүр дүрэм журмын түгжрэл бол хүний хүслийг мохоогч хүнд суртлын гох дэгээ юм.