Улс төрчид хүний өөрийн гэр тойрч хөөцөлдөөд, хэн нь хэнийгээ элдэж тууж яваа нь ялгагдахаа болиод байна. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг урвагч гэж нэрлэн Л.Гантөмөр хурал хийгээд хөөмөөр байгаа бол Л.Гантөмөрийг өөрийг нь хурлаар хөөх хүсэлтэй хүн олон байна. Ч.Лодойсамбууг Засгийн газрыг огцруулахаар хөөцөлдөх биш эхлээд АН-аа Засгийн газраас хөөх ёстой гэж үзэгсэд олон байгаа ч Ч.Лодойсамбууг өөрийг нь АН түрүүлээд хөөж мэдэхээр болсон байна. АН-ыг дарга нь МАН руу хөөгөөд байгаа бол МАН-ын зарим гишүүд АН-ыг даргатай нь цуг буцаагаад хөөж байна. Ч.Лодойсамбууг дагаад MCS-ийн түрээсийн байрнаас нэг бус нэлээн хэдэн гишүүн өөрсдийгөө сайн дураараа гэрээсээ хөөсөн бол Л.Гантөмөрийг Их тэнгэрт амьдрахгүй гэсэн чинь яалаа гэж Их тэнгэрээс хөөх хүсэлтэй байна. Сайн ажиглавал Монголын улс төрд согтуу нь эрүүлээ хөөгөөд, согтуугаа галзуу нь хөөх дараалалтай байна.
Чимэд багш сразу майор гэдэг шиг бага ангийн багшаас шууд гишүүн болсон Ц.Мөнхтуяа өнчин 4 хүүхдийг орон сууцнаас нь хөөгөөд, надаас хол байгаарай, шоронд орж, шороонд булагдваа гэж олон хүнийг өөрөөсөө хөөгөөд, өөрөө ордноос хөөгдөхдөө тулаад хөөхөө больсон байна. Л.Гантөмөр ганц муу багшийг хөөж яах юм бэ гэснээрээ ганц сайн сэтгүүлчийг хөөсөн ч яадаг юм бэ гэж давхар хэлсэн байна. УИХ дахь АН-ын бүлэг өмнө нь даргаа хөөгөөд, дарга нь бүлгээ хөөгөөд, хоёр даргатай нь хоорондоо зодолдоод, МАН-ын Х.Нямбаатар хоёр тийш хөөж байсан удаатай.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялаг бүтээгчдээ хөөж тууж болохгүй, хуучин 30 жил бүхлээрээ харанхуй биш гэсэн үгээрээ өмнөх үеэ бүхлээр нь хөөж болохгүйг дараа үедээ нэр ус хөөлгүйгээр хэллээ.
Д.Цогтбаатар өнөөдөр шийдвэр нь албажиж ирэх УДШ-ийн шийдвэрээр УИХ-аас хөөгдөж мэдэхээр байгаа бол гадаадын компаниас 30 саяын хандив авсан Э.Болормаа хамт хөөгдөж мэдэхээр байна.
С.Эрдэнийг оросоор 5 хараалтай, англиар хоёр үгтэй гэж дипломат албанд шилэлгүй хөөсөн бол, мань эр өөрөө гололгүй хөөгдсөн байна. АН-ын сонгуульд унагсад Эрдэнэт, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавтолгойн зэрэг төрийн өмчийн компаниудад бүтээмж, хяналтын менежерээр дуртай хөөгдөж очсон бол захирлууд дараа нь хөөчихнө гэсээр хүлээж авсан байна. МАН-ын сонгуульд ялагдагсад гадаад руу олноор хөөгдөж, ардчилсан төрийн хатан ээж улаа гялалзуулаад Болгарт гэх мэтээр хилийн чанад руу хүслээрээ хөөгдөөд оччихсон байна.
2025-02-23
Гантөмөр жинхэнэ урвагч, зайл