Цаг үеийн мэдээ

Шок шог мэдээ өнгөрсөн 7 хоногийн Мягмар гарагийн дугаарт Ж.Батзанданг Бэтзандан гэж анх удаа санаандгүй бөгөөд санаатайгаар андуурч нэрлэсэндээ баярлаж хөөрөхгүй ч харамсаж халаглахгүй гэдгээ мэдэгдье. Ж.Батзандан Бэтзандан болсон ч, Бэтмэн болж чадахгүй юм. Хятадын компани, Хоо Сун данжаадаас өөрийнхөө шахсан хоолойгоор 34 хувийг нь шаардаж нэхэж явсан Ж.Батзандан өнөөдөр стратегийн ордоос төрийн 34 хувийг авах Бэтзандан болсон ч өөрийн зөвлөх, туслах, орлогч Б.Аюулгүйн 12 тэрбумын асуудал нь аюултай хэвээрээ байна. Б.Ундармаагийн Капитал банкаар дамжуулан Хөгжлийн банкны 12 тэрбумыг авсан Б.Аюулгүйн аюултай хэрэг Бэтзандангийн гинж учраас Бэтмэн болж нисэхгүй юм. Бэтзандан болоод стратегийн ордуудын 34 хувийг төрд авах хэлэлцээрийн ажлын хэрүүлийн энтертайнментыг хариуцаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу байгалийн нөөцөөсөө монголчууд хувь ноогдол хүртэх нь зүй боловч хоолой шахсан, хөмсөг атируулсан хэрүүл зүхлээр биш хэлэлцээр гэрээгээр шийднэ. Эцсийн эцэст хэрүүл, хэлцэл хоёрын алиныг нь хийх нь чухал вэ? С.Зориг амь насаа алдсан ноцтой хэргийг хүртэл стратегийн ордын хувийг төр эзэмших асуудалд хутган хавчуулж, ясыг нь өндөлзүүлэх нь сэтгэцийн эмгэг гажиг уу, эрүүл хандлага уу? С.Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэнэ” гэж хэлсэн юм шүү. 

Таны сурталчилгаа