Цаг үеийн мэдээ

            ... Гэрээсээ гарч алтан нар, цэнгэг агаар гэж юу болохыг үзэж мэдэрч байгаагүй үр минь хэзээ нэгэн цагт хэвлэгдэж байсан хуучин сэтгүүл дээрээс уснаа шумбан, элсэн дээр тарвалзан наадах үеийнхнийхээ зургийг гайхан ширтэнэ. Ийм үе байсан, ингэж болдог эсэхэд гайхшран харанхуй бүүдгэр орчинд удсанаас үүсэлтэй цагаан сормууст нүдээ гялалзуулан шалгаах нь ял асуух шүүгчээс хүнд даваа аж. Ийм аймшигт үе ирэх байсныг бүгд мэдэж байсан ч яагаад, ямар шалтгаанаар энэ гамшгийн эсрэг гараа өчүүхэн ч хөдөлгөөгүйдээ өөртөө гомдоно.

            Сайн сайхан цагийн ирмэгээс цухас боловч зууран амьдарсан бид өөрсдийн гараар бий болгосон гамшигтаа нэрвэгдэн дуусахад гомдох зүйл алга. Харин алтан нар, цэнхэр дэлхий, цээж дүүрэн амьсгалах "төлбөр"-гүй цэвэр агаар гэж юу болохыг үзэж мэдрээгүй үрсээсээ түмэнтээ мэхийн уучлал гуйя.

            Аав ээж чинь, ах эгч нар чинь энэ гамшгийг хазаарлаж дөнгөх байсан ч мөнгө хэмээх халтар цаасаар хэлхсэн гав гар хөлийг минь дөнгөлчихсөн байсан юм шүү. Хожимджээ, бид хожимдож...

Таны сурталчилгаа