Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтээр “... их сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус” гэх агуулгаар “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “... хуулийн этгээд нь нэгдэх, нийлэх зэргээр өөрчлөн байгуулагдах, ашгийн төлөө хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн эрхтэй, уг эрхийнхээ хүрээнд өөрчлөн байгуулагдахаар хуульд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хандсан” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, гуравдагч этгээд МУИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч Ш.Уртнасан хяналтын журмаар гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Уртнасан нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна.
Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтуудаар анх 1998 онд анх “Чандмань-Эрдэнэ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд “Монголын үндэсний коллеж” нэртэй болсон, 2004 онд тус коллеж нь “дээд сургууль”-ийн ангилалд орсон тул “Монголын үндэсний дээд сургууль” гэж нэрээ өөрчилсөн, 2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийг “их сургуулийн ангилал”-д хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгосон байна.
Гэтэл улсын бүртгэлийн байгууллага 2013.12.26-ны өдөр эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааны чиглэлээр “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг “шинээр үүсгэн байгуулсан”-ыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус, энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий акт хуульд нийцсэн, дээрх илт хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзлээ.
Тодруулбал, их сургуулийн үйл ажиллагаа явуулах сургалтын тусгай зөвшөөрөлтэй “Монголын үндэсний дээд сургууль” нь нэрээ өөрчлөөгүй, өөрчлөн байгуулагдаагүй байхад 2013 онд “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг “их сургуулийн үйл ажиллагаа явуулах сургалтын тусгай зөвшөөрөлтэй” гэж шинээр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх хууль тогтоомжид заасан үндэслэл байгаагүй, тийм захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй, иймээс улсын ахлах байцаагчийн 2022 оны 6572 дугаар шийдвэр хууль зөрчөөгүй гэж дүгнэв.
2025-02-04
Ямар утгагүй бөөрөнхий, ойлгомжггүй тэнэг шийдвэр гаргадаг шүүгч вэ. Яасан шүүгч ийм авч болохгүй, хаяж болохгүй хогийн юм гаргаад шийдвэр гэж үздэг бнаа. МУИС ганцхан л 1942 байгуулагдсан их сургууль бдг, гүйцээ !!! МУИС нэр барьж залилан мэхлэхээ больцгоо МҮИСн луйварчдаа !