Цаг үеийн мэдээ

            Жил бүрийн 10 дугаар сарын 2-ны өдрийг Монголчууд бид заавал дурсан санах өдөр болгосоор даруй 21 жилийн нүүрийг үзжээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг амь насаа алдсан тэртээх хар өдрөөс хойш даруй 21 намрыг үдээд байгаа ч энэхүү аймшигт хэрэг илрэх нь бүү хэл улам бүр төөрөлдсөөр...

            Гэвч хүний орчлонд мэндэлж, хүн шиг амьдарсан энэ эрхэм хүмүүнийг мартах учир үгүй тул энэхүү бичиглэлээр дурсан саналаа.

            Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж мэндэлжээ.

            Аав Санжаасүрэн нь МУИС-ийн декан, Ардын боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан бол Ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин юм.

            С.Зориг 1980 онд “Орос” гэх тодотголтой нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсөж улмаар  1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг философийн ангийг дүүргэжээ.

            1985-1990 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимийн багш, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагчаар ажиллаж байсан бөгөөд 1989 он буюу 27 насандаа Нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсгэж, түүний идэвхитэй гишүүдийн нэг байв.

            1990 оны 7 дугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогджээ.

            1996-1998 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,  Дэд бүтцийн сайдаар ажиллаж байв.

1998 оны 10 дугаар 2.

            1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч Монголын ард түмнийг цочроосон юм

            Тухайн үед юу болж өнгөрснийг эргэн саная. 1998 оны аравдугаар сарын хоёрны баасан гарагийн орой 22:40 цагт Нийслэлийн Цагдаагийн хэлтсийн жижүүрт ирсэн хүн амины хэргийн мэдээллээр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн өгсөн хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дөрөвдүгээр байрны 42 тоотод тэр даруй хүрэлцэн очсон байдаг. Хэргийн газарт очиход С.Зориг бусдад алуулаад, цогцос нь гэрийн босгоны дотор талд, нэлийсэн цусан дунд халуунаараа хэвтэж байж. Ийнхүү мөрдөж шалгаж дуусдаггүй, их хэргийн ангуучлал эхэлсэн түүхтэй. 

            Уг хэргийн зангилаа өнөө хэр тайлагдсангүй. Уг нь олон гэрчтэй энэ хэрэг байтугайг Монголын цагдаа илрүүлчихдэг билээ. Гэтэл яагаад??? хэмээх олон асуултын тэмдэг энэ хэргийг дагасаар...

Гол гэрч буюу С.Зоригийн гэргий Б.Булган   

            Б.Булган 23 дугаар сургуулийг орос сургууль байхад дүүргэж, Анагаахын дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсжээ. Тэрээр Эх нялхсын төвд мэргэжлээрээ 4-5 жил ажил­ласан бөгөөд С.Зоригтой танилцаж, гэр бүл болж, зургаан жил амьдарсан байдаг.  Түүнээс хойш тодорхой ажил эрхлээгүй аж. Түүний тухай хамт ажиллаж байсан нэгэн : "Эх нялхсын тєвд Б.Булгантай хамт ажиллаж байсан. Би Булганыг муу хэлэхгүй, цайлган, хамаагүй инээж хєхєрсєн, угаасаа их темпераментный хүн. Тэрнээс биш муу санаатай юм бол биш ээ. Булганыг хүмүүс халамж нь ихдээд нєхрєєс салдаг, бүр дэндүү, эрэгтэй хүнийг залхтал нь халамжилдаг хүн гэж ярьцгаадаг байсан" хэмээжээ.

            Нөхрийг нь хөнөөсөн хэрэгтнүүд Б.Булганыг угаалгын өрөөнд нь хүлээд орхисон байдаг.

Дараагийн хоёр гэрчийн мэдүүлэг хоорондоо яг тохирдог

            Энэхүү аймшигт хэрэг гарахаас өмнө нэгэн сэжиг бүхий эрэгтэй 2-3 хоног С.Зориг агсны амьдарч байсан байрны гадуур эргэлдэх болсныг хоёрын хоёр гэрч баталдаг. Хоёр гэрчийн нэг нь талийгаачийн эсрэг талын байранд амьдардаг бол нөгөөх нь байрных нь дэргэдэх эмийн санд ажилладаг хүн байжээ.  Тэд хоёул ижил утга бүхий доорхи мэдүүлгийг өгсөн байдаг. 

Үүнд:

            - "Тэр эрэгтэй гэмт хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнөөс эргэлдэх болсон. Тэр С.Зоригийг алсан гэх хүний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их тєстэй хүн байсан. Тэр залуу 169-170 орчим см єндєртэй, эрэгтэй хүний, задгай энгэртэй тэмээний ноосон цамцтай, хар бараан єнгийн брюкэн ємдтэй, жижигхэндүү үстэй, үсээ зүүн гар тийшээ налуулж самнасан, гонжгордуу, зууван царайтай, царайлаг биш, том биш жартгайдуу нүдтэй, харц нь ихэд уйтгартай, овойж товойсон булчин, шєрмєсгүй, ганган биш, навсгар ч бас биш, том биетэй гэж хэлэхээргүй, 67-68 кг жинтэй болов уу гэмээр, насны хувьд 32-33, сайндаа л 35 настай, сахалгүй, үсэрхэг хүн биш, айхавтар айлгахаар тєрхгүй, тийм содон бус хүн байсан, түүнийг ахиад харвал шууд танина" хэмээжээ.

С.Зориг агсны хэргийн хохирогчид

            Олон нийтэд С.Зориг агсны хэрэг гэх тодотголтой энэхүү хэргийн хохирогч нэгээр тоологдохгүй. Учир нь энэ хэрэгт холбоотой бүхэн амиа алдаж, учир битүүлэг шалтгаанаар алга болж байсан. Харамсалтай нь эдгээр хэргүүдийг ч С.Зоригийн хэргийн адил нуун дарагдуулж өнгөрүүлж байв. Жишээлбэл, энэ хэрэгт холбоотой дараах  баримтыг дэлгэе.

Хэргийн газар анх очиж Бул­ганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түү­ний үхэл сэжигтэй юм.

С.Зоригийн хэрэгт сэжиг­лэг­­дэж шоронд сар гаруй суу­гаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цон­хоороо унаж нас барсан. Цаг­даагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй.  Энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан.

Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сур­валжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэ­гэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

 Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан.

Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь  тодорхой болсон юм.

Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэх­дээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдэг.

Хоёр алуурчныг харсан так­сины жолооч мөн сураг ал­дар­сан. Гэвч саяхнаас Ё.Батбаяр гэгч өөрийгөө С.Зоригийг алсан алуурчдыг тээвэрлэсэн таксины жолооч хэмээн ярилцлага өгсөн байв.

Хэргийг хянаж байсан про­курор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

Тухайн үед “Нөгөөдөр” сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч н.Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам бол­сон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг.

            Ийнхүү С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой гэрчүүд, хэрэг дээр ажиллаж байсан албаны хүмүүс ээлж дарааллан амь эрсдсээр байгаа нь энэ хэрэгт хошуу дүрвэл хохь нь болно шүү гэдгийг сануулах мэт.

            Хайрлаж өсгөсөн үрээ хүн бусаар хороолгож амьдын тамд шаналсаар хүүгийнхээ араас үнэнийг эрэхээр бурхны орноо одсон ээж С.Доржпаламын 2000 онд "Weekend" сонинд өгсөн ярилцлагаас сийрүүлвэл:

            "  -Зориг, Булган нар зургаан жил хамт амьдарцгаасан. Амьд гэрч байх, эсэх нь надад ямар хамаа байх вэ дээ. Надад Булганыг буруутгах санаа алга. Хэн хэнтэйгээ дурлалцаад суух нь өөрсдийнх нь хэрэг. Харин миний том хүүгийн эхнэр их сайн бэр, надад гурван сайхан ач төрүүлж өгсөнд би баярлаж суудаг даа. Зургаан жил дэр нийлүүлсэн хань нь учир би түүнд буруу өгөөд яах ч билээ. Гэхдээ миний хүү ээж, аавынхаа гэрт амьдарч байсансан бол хэн нэгэнд алуулахгүй, амьд байх байсан ч юм билүү гэж үе үе бодогддог" хэмээжээ.

            Тэгвэл энэ хэргийн гэрч, хохирогч, яллагдагч гэх олон "нэр" зүүсэн талийгаачийн гэргий Б.Булганы ээж Д.Байгальмаа аймшигт хэргийн золиос болсон охиныхоо тухай ийн өгүүлжээ.

            "- Охин минь ханийнхаа тухай дандаа сайнаар л дурсдаг. Муу үг огт хэлүүлэхгүй шүү. Би нэг удаа “Ээ чааваас, миний охин ямар хүнтэй суучихаад хар залуугаараа хагацаж, зовлон шаналалд унадаг байна аа” гэхэд “Ээж минь би хайртай хүнтэйгээ суусан. Тэр минь сайн хүн, сайхан хүн байсан. Би хэн юм бэ, хэн ч биш шүү дээ” гэсэн. Би болохоор муу охиноо насаараа зовлоо гэж харамсахдаа л тэгж хэлсэн хэрэг" хэмээжээ.

            Алдсан хүн арван тамтай гэсэн үгийн биелэл мэт хайртай ахыгаа алдсан дүү С.Оюун ээдрээт энэ хэргийг хэзээ нэгэн цагт илэрнэ хэмээн хүлээсээр.  Өдий энэ насанд амьд сэрүүн байсан бол ганц охин дүүдээ хэр нөмөр түшигтэй ах байх байсныг тэртээ нэгэн цагт дүүдээ зориулан бичиж байсан захидлаас нь харагдана.  

            С.Зориг 1984 оны 4 дүгээр сарын 7 нд Москвагаас Чехословакт сурч байсан дүү С.Оюундаа захидал бичжээ.  Захидлын хэсгээс сийрүүлбэл:

            "Миний дүү англи хэлээ сайн сураарай. Ах нь бас сурахыг оролдож дүүгээ гүйцэхийг бодно. Хэчнээн их юм мэддэг болно, тэр чинээгээр чиний боломж их болно. Тэр чинь олон юм үзэж, нүд тайлна гэсэн үг. Бид улсаа өндөр хөгжилэй орон болгох хэрэгтэй. Тэгэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг юм" хэмээжээ.

            Эх орныхоо төлөө ихийг хийж бүтээх ид насандаа бусдын гарт амь насаа алдсан энэ хүмүүний амь насыг хохироосон гэмт хэрэгтнүүд өдгөө ял эдэлж буй.  Гэхдээ эдгээр хүмүүс яг гэмт хэрэгтнүүд мөн үү гэдэгт 100 хувь баталгаа өгч чадахгүй л байна. Ямартай ч С.Зоригийн амь насыг онц хэрц­гий­гээр хөнөөсөн хэргийг 19 жилийн турш мөшгиж судалсны эцэст Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарыг илрүүлэн баривчилсан билээ. 

 

Таны сурталчилгаа