Цаг үеийн мэдээ

            1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг. 2019 оны 4-р сарын 1-ний өдрийн байдлаар 21,1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14,5 мянган нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3,8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авдаг байна.  Тэгвэл УИХ-ын  гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өчигдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
            Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудал хөндөгджээ. Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэртэй гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэврээс  374 мянган төгрөгөөс доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байгаа юм байна.
            Өнөөдрийн нөхцөл байдалд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэн гэж хууль санаачлагч үзсэн байна. Дашрамд тэтгэвэр тогтоолгох гэж буй иргэдэд зориулж доорхи мэдээллийг бэлдлээ.

Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материал:

            Хөдөлмөрийн дэвтэрт тэтгэвэр тогтоолгох иргэний овог, нэр, төрсөн он, сар, өдөр, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн он, сар, өдөр, тушаал шийдвэрийн дугаарын бичилт, баталгаажилт нь тухайн үед мөрдөж байсан журам, зааврын дагуу зөв бичигдсэн эсэхийг нягтлан шалгана. Хэрэв буруу зөрүү бичигдсэн, бичилт нь засвартай болон хөдөлмөрийн дэвтрийг шинээр хуулбарлан бичүүлсэн байвал архивын сан хөмрөгөөс гаргуулсан тушаал, шийдвэрийн лавлагааг хавсаргана.
Иргэн 1995 оноос өмнө хугацаат цэргийн алба хаасан бол алба хаасан тухайн цэргийн ангиас баталгаажуулсан цэргийн батлах буюу холбогдох цэргийн байгууллагын архивын лавлагааг хавсаргана.
Хөдөө, аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн малчнаар ажилласан он, сар, өдөр, авсан хөдөлмөрийн хөлсний бичилт баталгаажилтыг нягтлан шалгана. Хөдөлмөрийн дэвтэр буруу бичигдсэн, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй, эсхүл шинээр хуулбарлан бичүүлсэн байвал тухайн үеийн нэгдлийн гишүүний цалин, хөлсний 70 дугаар дансыг үндэслэн аймгийн архиваас гаргасан ажилласан хугацаа, авсан хөдөлмөрийн хөлсний лавлагааг хавсаргана.
Иргэний 1991 оны 7 дугаар сарын 1-нээс 1995 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан хугацааг тооцохдоо уг иргэний ажиллаж байсан байгууллага нь цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах бусад сангаас 13.5 хувиар тооцож тэтгэврийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архиваас гаргасан лавлагааг хавсаргана.
Иргэний ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, үндсэн баримт бичиг нь үрэгдсэн, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар, өдөр, дугаар засвартай бөгөөд энэ нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана.
Иргэний 1995 оноос өмнө ажилласан хугацааг архивын лавлагаа, шүүхийн шийдвэрээр тооцох тохиолдолд тухайн архивын болон шүүхийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, шийдвэрийг хавсаргана .

 

Таны сурталчилгаа