Цаг үеийн мэдээ

            Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн иргэн угаартаж амь насаа алдсан мэдээлэл олныг цочирдууллаа. Мөн 16 иргэн угаарын хийнд хордсон байж болзошгүй оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Хамгийн ноцтой нь эдгээр хүмүүс бүгд  сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг айлууд байсан байна.

            Иргэдийн гомдлын дагуу Сайжруулсан шахмал түлшийг шалгуулахаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс 23 дээж авч, гурван лабораторид утаагүй түлшний дээжийг шинжлүүлэхээр өгсөн байна. Үүнд цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцсон 98 албан хаагч Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, дээжийг авч шинжлүүлжээ. Гэтэл шинжилгээнд өгсөн сайжруулсан түлшний хариу гарсан бөгөөд ямар ч хоргүй гэсэн дүгнэлт гарсан байна.

            Өөрөөр сайжруулсан түлшний байх ёстой  стандартуудыг мөрдөж байгаа эсэхийг шалгахад нэр бүхий айлуудаас авсан шахмал түлшний дээж нь чийглэг нь стандарт хангасан. Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой гэхэд 23-24 байна. Хүхэр нь 1 буюу түүнээс бага байх ёстой бол 0.95-1.04 байна. Илчлэг нь 6,000 буюу түүнээс дээш гарсан байна. Угаарын хийнд хордсон айл өрхийн хэрэглэж байсан түлшний дээж болон Тавантолгой түлшний хоёр үйлдвэрээс дээж аван лабораторид шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарчээ. Барьцалдуулагч бодис нь химийн найрлагатай байна гэж хүмүүс хардаж байсан. Гэтэл Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр барьцалдуулагч нь химийн бодис биш, цардуул. Цардуул нь химийн найрлагагүй гэсэн дүгнэлт өгсөн байна.

            Өнөөдрийг байдлаар 30 орчим мянган тонн сайжруулсан түлш хэрэглээнд нийлүүлэгдээд байгаа юм. Сайжруулсан түлшний 95 хувь нь нэг удаа угаагдсан Өмнөговиос ирсэн нүүрс. Үлдсэн 5 хувьд нь импортоор оруулж ирж буй барьцалдуулагч (2.5%) болон шохой зэрэг бодисоос бүтэж байгаа бөгөөд эдгээрийг цаг тухай бүрт нь шинжилгээнд хамруулж байсан гэнэ.  Ямар ч түлшнээс угаарын хий ялгардаг.  Хордсон айлуудын хувьд ихэнх нь ханан пийшинтэй айлууд байна. Өөрөөр хэлбэл ханан пийшинтэй айлууд утаа гадагшлах сувгаа шалгах шаардлагатай. Ийм хэрэглээний горим алдагдаж байгаагаас иргэд эрүүл мэнд, амь насаа хохироож байх вий хэмээн холбогдох албаны хүмүүс хэллээ.

 

Таны сурталчилгаа