Цаг үеийн мэдээ

            Гэр хорооллын айл иргэд сайжруулсан түлшэнд угаартан нас барсаар байна. Өнөөдрийн байдлаар л гэхэд 120 гаруй иргэн угаартаж хордон 5 хүний амь нас эрсдээд байгаа юм. Тэгвэл үүний эсрэг гэр хороолол хөдөлгөөнийхөн тэмцэлийн хэлбэрт шилжэхээ мэдэгдлээ.

            Ерөнхий сайд У. Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ, хотын дарга С.Амарсайхан нар утааг бууруулах нэрийдлээр шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллынхонд зориулсан шахааны бизнес эрхэлж байна гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.  2020 оны сонгуулиар утааг багасгасан нэр зүүж, ашиг хонжоо хайх гэсэн тэдний бүтэлгүй, туршилтгүй, судалгаагүй бодлого шийдвэрийн золиосонд одоогийн байдлаар 120 гаруй хордож 5 иргэн алтан амиа алдаад байна гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. “Гэр хороолол хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг: “БНСАУ-аас гуйж зээлж ирсэн 500 сая доллараараа энэ шахмал түлшний үйлдвэрийг барьж мөнгө угааж байна. Энийг яагаад хууль хяналтын байгууллага нь шалгахгүй байгаа юм. Шахмал түлшнийхээ туршилтыг гэр хорооллын иргэд дээр хийчихлээ. Энэ түлшнийхээ талаар ямар ч мэдээлэл судалгаа хийгээгүй, ямар зууханд түлж болох, болохгүй талаар мэдлэг байхгүй, иргэдэд гарын авлага ч өгөөгүй” гэв.

Өнөөдрийн байдлаар эдгээр олон иргэд сайжруулсан гэх нэртэй шахмал түлшийг хэрэглэн хордсоор байхад ерөнхий сайд болон хотын захирагч хүртэл эдгээр амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлэхгүй байгаа нь зүй бус явдал гэдгийг хурлын үеэр онцолсон юм.

Түүнчлэн иргэд заавал энэ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхгүй түүхий нүүрсийг буцаан хэрэглүүлж эхлэхийг ерөнхий сайд У. Хүрэлсүхээс хүслээ. Мөн тэмцлийн хэлбэрийг суултаар эхлүүлэх бөгөөд цаашлаад тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

 

 

 

 

 

Таны сурталчилгаа