МХЕГ-аас Улсын 11 музейн дарга, захирал, дотоод хяналт хариуцсан ажилтан, арга зүйчдэд сургалт зохион байгууллаа. Улсын хэмжээнд 36 музей үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн гурван жилд эрсдэл ихтэй 24 обьектод эрсдэлийн үнэлгээ хийхэд 2016 онд 10, 2017 онд 10, 2018 онд 11 объект их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.
Эрсдэлийн үнэлгээ хийсэн музейн 83 хувь нь галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй, цахилгааны сүлжээний бүрэн бүтэн байдалд 2 жил тутамд мэргэжлийн байгууллагаар үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй, Музейн удирдлага жилд нэг удаа сан хөмрөгийн бүртгэл хөтлөлт ба хадгалалт хамгаалалтын байдалд үзлэг хийж, холбогдох арга хэмжээг аваагүй байна. Түүнчлэн 66 хувь нь шаардлага хангаагүй үзүүлэнгийн танхимаар нийтэд үйлчилдэг, 50 хувь нь дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд арга хэмжээ авдаггүй, үзмэрийг арчилж тордож сэргээн засварладаггүй зөрчил илэрчээ.
Иймд холбогдох албан тушаалтнуудад музейн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг сайжруулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.