Цаг үеийн мэдээ

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүллээ. 

Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд навчит болон шилмүүст мод тарьж, намрын цэнэг усалгааг хийлээ. Энэ жил дээрх байршилд 100 га талбай хамарсан 80.000 ширхэг суулгац бүхий ойжуулалтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд нийслэлчүүдийн ундны усны нэг гол эх үүсвэр болсон уг газрыг ойжуулснаар хөрс бохирдох, хөрсний доройтол, цөлжилт явагдахаас сэргийлж байгаа юм. Уг арга хэмжээний нээлтэд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар оролцов. 

Нийслэлийн хэмжээнд нийт 16.107 мод таригдсан бөгөөд 5.622 иргэн 506 аж ахуйн нэгж байгууллагууд оролцон ажиллалаа.

Аравдугаар сарын 12-ны өдөр НБОГ-аас “Нандин найзууд”, "Хөгжих боломжит иргэд" ТББ-тай хамтран Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Их Баян дахь ойн сан бүхий газарт цэвэрлэгээний ажлыг явуулсан бол Монголын Уулчдын үндэсний холбоо, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Нэг уулчин–нэг уут хог” арга хэмжээг Богдхан ууланд аравдугаар сарын 13-нд зохион байгууллаа. Арга хэмжээнд найман уулын аяллын клубийн 140 гаруй гишүүд, иргэд оролцож, жирийн иргэд тэр бүр хүрэх боломжгүй байршилд хаягдсан хог хаягдлыг түүж, ой хамгаалах ажилд оролцов. 

Мод тарих байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд Барилгачдын талбай дээр энэ сарын 18-ныг хүртэл модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа явагдана гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа