Францын нийслэл Парис хотод болж буй, ФАТФ-ын жилийн хурлын албан ёсны шийдвэр баасан гарагт буюу өнөөдөр гарна. Тус хурлаас манай улс саарал жагсаалтад дахин багтах, эсэхийг шийдэх юм. Банкууд өөрийн хөрөнгөө олон тэрбум төгрөгөөр нэмсэн. Гэтэл тэрхүү нэмэлт эх үүсвэрийг чухам хаанаас хэрхэн хангасан талаарх шалгалтыг Олон улсын валютын сангаас явуулж, энэ асуудалтай холбогдуулан Төв банкнаас хуулийн дүгнэлт тайлбар гаргаж өгөхийг хүсчээ. Энэ нь манай улсад хэрэгжүүлж байгаа ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажил юм. Түүнээс ФАТФ болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаатай ямар ч холбоогүй гэдгийг Төв банкны удирдлагууд тайлбарлаж байна.
ФАТФ нь 39 гишүүн оронтой. Эдгээрээс гадна ажиглагч орнууд бий. Энэ баасан гарагт тус байгууллагын гишүүн 39 орны төлөөлөгч тус бүрдээ саналаа өгнө. Хэрэв гурван улс л Монгол улсын эсрэг буюу Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажилдаа ахиц дэвшил гаргаагүй гэж үзвэл бид саарал жагсаалтад орох юм.
Сүүлийн өдрүүдэд арилжааны банкууд харилцагчдаа илүү сайн таних зорилгоор харилцагчидтайгаа холбогдон, банкны салбарт ирж, маягт бөглөхийг хүсэх болсон. Энэ нь дээрх хүрээнд хийж буй олон ажлын зөвхөн нэг бөгөөд банкууд харилцагчаа илүү сайн таних, мэдээллийг нь шинэчлэх зорилготой ажиллаж байна.