Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэрэгсэл гэж үздэг. Төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй шуурхайг үзүүлэх, ил тод, нээлттэй ажиллахын эх үндэс нь төрийн албан хаагч ёс зүйтэй, хариуцлагатай, үнэт зүйлсээ эрхэмлэн, хуулийг сахин биелүүлэх явдал юм.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт нийтийн албан тушаалтнуудыг ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлээр үе шаттай сургаж, чадавхжуулахаар тусгагдсан бөгөөд энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр ба Нийслэлийн өдрийг угтан нийслэлийн төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг зохион байгууллаа.
Ёс зүйн форумд Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академи, Монгол Улсын Их Сургуулийн ёс зүйн чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтэн докторууд Шударга ёс ба үнэт зүйл, Ёс зүй ба орчин үеийн чиг хандлага, Ёс зүйн манлайлал, хариуцлага зэрэг сэдвүүдээр онол, практик хосолсон сонирхолтой илтгэлүүдийгтавьж, төрийн албаны үнэт зүйлс, ёс зүйн асуудал тулгарахад зөв гарц гаргалгааг олох чиглэлээр эргэцүүлэх асуулт, хариулт өрнүүлэн, хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.
Ёс зүйн форумыг 2 шатлалаар зохион байгуулах бөгөөд 11 дүгээр сард нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.
Авлигатай тэмцэх газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
“Ил тод Улаанбаатар Академи”