Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсад тодорхой хэмжээнд гадаадын иргэн нийт хүн амын хэдэн хувийг эзлэх вэ, нэг улсын иргэн хэд байж болох вэ гэдэг тоог хуульчилж өгсөн байдаг. Хуулинд заасан тоогоо хэтрүүлж болохгүй гэсэн үг. Хуулиар хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн тоо бол Монгол Улсын харьяат нийт хүн амын гурван хувь буюу 3.200.000 гэж үзвэл 97154 гадаадын иргэн оршин сууж болно гэж хязгаарласан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 28268 гадаадын иргэн байгааг албаныхан мэдээллээ.
Мөн нэг улсын иргэн Монгол Улсын нийт хүн амын нэг хувь байхыг тусгасан байдаг. Жишээлбэл, БНХАУ-ын иргэд хамгийн олон буюу 13248 иргэн байна. Энэ нь нийт хүн амын 0.4 хувийг эзэлж байгаа аж. Харин цагаачлан амьдрах иргэдийн тоог хуулиар нийт хүн амын 0.5 хувь буюу 16192 иргэн байна гэж тусгасан байдаг. Одоогийн байдлаар 16 улсын 1927 иргэн Монгол Улсад цагаачлан амьдарч байгаа юм. Эдгээр гадаад иргэдийн ихэнх нь БНХАУ, ОХУ-ын харьяалалтай иргэд байдаг байна. Гадаадын иргэд ихэвчлэн зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр хөдөлмөр эрхэлсэн зөрчлийг гаргадаг бөгөөд тухайлбал зам гүүрийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй иргэд махны үйлдвэрт ажиллаж байсан зөрчил гарчээ.
Сүүлийн үед ажиглагдаад байгаа асуудал бол Монгол Улсын Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжин гаднаас ажиллах хүч авах квотыг өгөөд байхад квот авсан хэд хэдэн аж ахуйн нэгж оруулж ирсэн гадаадын ажилчдаа өөр газар ажлуулсан асуудал гарлаа. Өөрөөр хэлбэл зам барилгын салбарт ажиллуулна гэж 20 гадаад иргэнийг оруулж ирчихээд махны үйлдвэрүүдэд ажиллуулах асуудал түгээмэл болсон байна. Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрт шалгалт хийхэд БНХАУ-ын 92 иргэн ажиллаж байсны ихэнх нь эмэгтэй иргэд байсан. Эдгээр иргэдийн бичиг баримтыг шалгаад үзэхээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй ч яг зөвшөөрөл авсан зам гүүрийн ажлаа хийгээгүй байна. Тиймээс энэ чиглэлд квот зардаг асуудал гарч байгааг хэлж гадаадын иргэн харьяатын газраас хэлж байна. Шалгалтын явцад 22 улсын 372 иргэний албадан гаргасан байна.