Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах, шуурхай удирдлагаар хангах ажлын төсөл хэд хэдэн хэсгээс бүрджээ. Тухайлбал, удирдлага зохион байгуулалтын талаар хороодын засаг дарга нарын болон дүүргүүдийн онцгой комиссын ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг хянах, угаарын хийн мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 01 гэхэд айл өрхүүдэд суурилуулсан байх, иргэдэд түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн байгуулагуудаар сургалт сурталчилгааг сайтар явуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, биелэлтийн үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг танилцууллаа. Хурлын үеэр онцгой комиссын зарим гишүүн дээрхи хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах саналуудыг дэвшүүлсэн юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Угаартсан гэх дуудлага өгч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, тухайн угаартсан газрын агаарыг шинжлэн тогтоох төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.
“Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзсэний үндсэн дээр манай компаниас пийшин зуухаа хөөлж, галлах үеийн заавар зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээг нь хийх 350 хүнээс бүрдсэн 16 бригадыг ажиллуулж эхлээд байгаа. Иргэд хэрэв энэ талын мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсвэл 70119400 дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мэргэжлийн засварчин, инженерүүдээс бүрдсэн бригад ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой комисс төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулж дэмжиж ажиллана уу” гэв.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Түлээний нөөц бэлтгэж буй асуудлаар зориулалтын бус замаар тээвэрлэлт хийж байна, энэ асуудал дээр байгаль хамгаалагчидтай хамтран ажиллах нь зүйтэй байна” гэсэн саналыг хэлэв.
Өргөтгөсөн хурлаар нийслэлийн 22955 өрхөд сайжруулсан түлш олгох картыг хэрэглээнд нь нэвтрүүлэх, түлшний тээвэрлэлтийн автомашины тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, нүүрс савлаж буй иргэдэд амны маск, бээлий, сүү нэмж олгох зэрэг саналыг онцгой комиссын гишүүд тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.
Хурлын төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч, иргэдийг үнэн зөв мэдээ мэдээллээр цаг тухай бүрт хангаж ажиллах хэрэгтэй. Одоо бид хүч хавсран зохион байгуулалтаа сайжруулан ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс